Уншиж байна ...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ₮320 саяар экскаватор, ковш авах бол бүтээн байгуулалтын ажилд ₮276 саяыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг энэ оны наймдугаар сарын 17-28-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болсон.

17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10,000 орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэнэ.

Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж буй.

Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд түр барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр ашиглах, угсрах, буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үйл ажиллагаанд захиалагчийг мэргэжлийн түвшинд дэмжих зорилгоор гэрээний зөвлөх үйлчилгээ авахаар болсныг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас өнөөдөр зарлажээ.

НИТХ-аас тус бага хурлын барилга байгууламжийг улсын болон орон нутгийн төсөв, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр эхлүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг бүхий "COP17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар" ОНӨААТҮГ-ыг байгуулж, үйл ажиллагааны зардлыг 954.5 сая төгрөгөөр баталсан билээ.

COP17 бага хурлыг зохион байгуулахад нийт 350 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.

Тухайлбал ковш, экскаватор худалдаж авахад ₮320 сая, бүтээн байгуулалтын ажилд ₮276.4 саяыг нийслэлийн төсвөөс зарцуулахаар төсөвлөжээ.

Харин "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" Орон Нутгийн Өмчит Үйлдвэрийн Тооцоот Газрын орлогыг ₮494.3 саяар, тус хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг ₮5.5 тэрбумаар баталсан байна.