Уншиж байна ...

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээс асуухаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцжээ.

Хуралдааны эхэнд "Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэж, гол гудамж, замууд ачаалж байна. Тухайлбал "Нарантуул", "Дүнжингарав", "Бөмбөгөр" зэрэг томоохон худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнөөс үүдэж Намъянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамжнууд ачаалж, худалдааны төвүүдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв нь Тээврийн Цагдаагийн Албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалтаас гадна тодорхой байршлуудад ачааллыг тэнцвэржүүлэхээр алба хаагчид ажиллаж байна” хэмээн танилцууллаа.

Ажлын хэсгийн гишүүд зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзаж тодорхой болгох, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээс асуух, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээс асууж, саналд үндэслэн сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлгүй шинэлэх боломжтой хувилбарыг боловсруулахаар болов.

 

Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс