Уншиж байна ...

Их цасны улмаас хүнд байдалд байгаа ОХУ-ын Камчаткийн удирдлага Москвагаас тусламж авахаар болов

Т.Давааням, ikon.mn
4 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн турш орсон их цасны улмаас ОХУ-ын Алс Дорнодын Камчаткийн хойг гамшгийн байдалд байсаар байна.

Бүс нутгийн төв Петропавловск-Камчатский хотод хунгарласан цасны зузаан 1.7 метрээс 2.5 метр хүрсэн нь олон арван мянган хүний амьдралд аюул учруулаад байгаа юм.

Энэ долоо хоногийн эхээр Камчатка мужийн захирагч Владимир Солодов хотын гол гудамжнуудын цасыг нэгдүгээр сарын 21-ний өдөр цэвэрлэж дуусгаад хөдөлгөөн нээх төлөвлөгөө зарлаж байсан ч чадаагүй байна.

Иргэд орон сууцны орцны хаалга нь цасанд дарагдсан тул цонхоороо хунгарласан цас руу үсэрч гарч байгааг харуулсан дүрс бичлэгүүд сошиал орчинд олноор нийтлэгджээ.

“Явган хүний зам бараг байхгүй болсон. Үүний оронд хүмүүс асар том цасан хунгар дээгүүр гаргасан нарийн жимээр явахаас өөр аргагүй байна. Заримдаа ингэж яваад цахилгааны шугамд бараг хүрдэг” гэж нутгийн оршин суугч хэвлэлд ярьж байна.

Гудамжаар автомашин зорчих боломжгүй болсон тул иргэдийн хүнсний хангамж тасалдаж, дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ.

Гэртээ түгжигдсэн өндөр настнууд сайн дурынхны хүргэж өгсөн хоол хүнсээр голоо зогоож байгааг гэрчүүд мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт барилгын дээвэр дээрээс унасан цасанд хоёр хүн дарагдаж нас барсны дараа Пүрэв гарагаас эхлэн Петропавловск-Камчатский хотод онц байдал зарласан юм.

Бүс нутгийн захирагч Солодов өнгөрсөн Лхагва гарагт ерөнхийлөгч Владимир Путинтэй видео холбоогоор уулзаж, нөхцөл байдлыг танилцуулжээ.

Үүний үр дүнд өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам Ан-124 цэргийн ачааны нисэх онгоцоор цас цэвэрлэх машин техник Камчаткийн хойгт хүргэхээр болсноо мэдэгдсэн байна.

Хотын бүх сургуулиуд ирэх долоо хоногийг хүртэл хичээлээ зайнаас явуулахаар болжээ.

Эх сурвалж: The Moscow Times