Сингапурын 5.9 сая хүн амын ихэнх нь амьдардаг нийтийн орон сууцны системийг бий болгосон гавьяатай хүн болох Лю Тай Кэр 87 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр долоо хоногийн өмнө унаж бэртсэнтэй холбоотой эрүүл мэндийн хүндрэлийн улмаас Ням гарагт нас барсныг хүү нь өчигдөр мэдээлсэн байна.
Дэлхийн бусад улс орнуудаас ялгаатай нь Сингапурын засгийн газар иргэддээ нийтийн орон сууцыг маш өндөр хөнгөлөлттэй үнээр зардаг боловч өмчлөх эрхийг нь 99 жилийн хугацаагаар хязгаарладаг. Өөрөөр хэлбэл 99 жилийн дараа төр газраа буцаан авч, дахин эргэлтэд оруулах боломжтой байдаг байна. Энэ нь газар нутаг багатай Сингапурын нөхцөлд бодлогоор тохируулсан өвөрмөц систем юм.
Ийм учраас өмчлөгч тодорхой хугацааны дараа орон сууцаа зарахад өмчлөх эрхийн хугацаа богиноссон байдаг тул үнэ ханш нь дагаад элэгддэг.
Хэдийгээр энэ систем орон сууцны үнийг зах зээлийн үнэ ханштай хамаарал багатай болгодог гэж зарим хүмүүс шүүмжилдэг ч Сингапурын засгийн газрын бодлого хэвээр байгаа.
Өнөөдөр тус хот улсын хүн амын 80 орчим хувь нь ийм нийтийн орон сууцанд амьдардаг юм.
Лю Тай Кэр нь 1938 онд Малайз улсад төрсөн бөгөөд зургаан настайдаа Сингапурт ирж байжээ.
Австралид архитекторын мэргэжил эзэмшсэн Лю сүүлд Йелийн Их сургуулийн магистрын хөтөлбөрт хот төлөвлөлтийн чиглэлээр суралцсан байна.
Дараа нь нэрт архитектор И М Пэйгийн Нью-Йоркийн дахь оффист ажиллаж байгаад 1969 онд Сингапурт буцаж иржээ.
Энэ үеэс тэр Сингапурын нийтийн орон сууцны төслийг (Housing and Development Board) удирдаж эхэлсэн байна.
Түүнийг төрийн алба хашиж эхлэхэд сингапурчуудын ихэнх нь ядуусын хороололд олноороо шахцалцан амьдардаг, иргэдийг орон сууцжуулах ажил дөнгөж эхэлж байжээ.
Лю ажиллах хугацаандаа 20 хотхон буюу хагас сая орчим орон сууцыг ашиглалтад оруулсан байна.
Сүүлд тэр Сингапурын засгийн газрын Хотын Дахин Хөгжүүлэх Газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Төрийн албанд нийт 24 жил ажилласны дараа Лю хувийн компаниа үүсгэн байгуулсан юм.
Жирийн иргэдээс эхлээд Сингапурын удирдагчид хүртэл маш олон хүн түүний араас эмгэнэл илэрхийлцгээж байна.
Сингапурын ерөнхий сайд Лоренс Вонг сошиал хуудсандаа нийтэлсэн эмгэнэлд Люг “сингапурчуудын өдөр тутам ашигладаг барилга байгууламжууд, орон сууцнууд, олон нийтийн газрууд нь түүний хөдөлмөр, хичээл зүтгэл, алсын харааны чимээгүй гэрчүүд юм” гэж бичжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!