ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ: МЭДЭГДЭЛ

ikon.mn
2026 оны 1 сарын 16
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
зураг
 

МЭДЭГДЭЛ

ШИЙДЭЛТЭЙ ЭРС ШИНЭЧЛЭЛИЙГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ШААРДАЖ БАЙНА**

Монгол Улс сүүлийн 8 жилийн хугацаанд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр 193 улсаас 92-оос 46-р байр руу дэвшиж, олон улсад үнэлэгдэхүйц түүхэн амжилт үзүүлсэн билээ.

Энэхүү үсрэнгүй ахиц нь төрийн бодлогын тууштай дэмжлэг, мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагааны бодит үр дүн байсан юм.

Гэвч сүүлийн жилүүдэд уг ололт амжилтыг саармагжуулах, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, салбар дахь шударга өрсөлдөөнийг хаах ноцтой нөхцөл байдал удаа дараа ажиглагдаж байна.

Иймд МИТА – Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо ТББ-ын зүгээс мэдээллийн технологийн салбарт дараах ноцтой нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байна.

ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ

1. Улсын төсвөөр хэрэгжүүлсэн боловч ашиглагддаггүй, давхардсан, хэрэглэгчийн хэрэгцээг хангахгүй, царцаагдсан мэдээллийн системүүдийг дахин дахин санхүүжүүлж байна.

2. Зарим МТ-ийн төслийн төсөв нь бодит ажлын цар хүрээтэй нийцэхгүй, хэт өндөр үнэлгээтэй байж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, хариуцлагагүйгээр зарцуулж байна.

3. Хувийн хэвшил бүрэн гүйцэтгэх боломжтой ажлуудыг төр өөрөө гүйцэтгэх замаар зах зээлийн шударга өрсөлдөөнийг алдагдуулж байна.

4. Мэдээллийн технологийн чиглэлээр төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олноор байгуулж, хувийн хэвшлийн орон зайг системтэйгээр шахан гаргаж байна.

5. Нээлттэй сонгон шалгаруулалтгүй, “НУУЦ” нэрийн дор хэрэгжүүлсэн МТ-ийн төслүүдийн төсөв хэт өндөр, гүйцэтгэл нь шаардлага хангахгүй байгаа нь бодит жишээгээр нотлогдож байна.

ШААРДАЖ БУЙ ШИЙДЭЛ

Мэдээллийн технологийн салбарыг Монгол Улсын тэргүүлэгч салбар болгон хөгжүүлэх, дэлхийн технологийн үсрэнгүй хөгжлөөс хоцрохгүй байх зорилгоор МИТА –Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо ТББ-ын зүгээс шийдвэр гаргагчдаас дараах

ШИЙДЭЛТЭЙ АРГА ХЭМЖЭЭГ НЭН ДАРУЙ АВАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

  1. ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГЫГ ХАНГАХ  

– Сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэгжсэн МТ-ийн төслүүдэд (нийт 1 их наяд төгрөг зарцуулсан гэж дүгнэгдэж буй) нээлттэй сонсгол зохион байгуулах.

Нууцын зэрэглэлд оруулж, “хөөсрүүлсэн” үнээр хэрэгжүүлсэн төслүүдийн мэдээллийг олон нийтэд ил болгож, үндэсний болон олон улсын хараат бус аудит оруулах.

  1. ЗАХ ЗЭЭЛИЙН ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ СЭРГЭЭХ  

– Хувийн хэвшил бүрэн гүйцэтгэх боломжтой МТ-ийн ажлуудыг төр өөрөө гүйцэтгэх практикийг нэн даруй зогсоох, үүнтэй холбоотой хууль, журам, шийдвэрүүдийн хэрэгжилтийг бодитоор хангах.

– МТ-ийн чиглэлээр байгуулагдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд иж бүрэн үнэлгээ хийж, татан буулгах эсхүл чиг үүргийг нь бодлогын болон зохицуулалтын түвшинд шилжүүлэх.

  1. МТ-ийн ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧЛЭХ  

– МТ-ийн төслүүдийн сонгон шалгаруулалт, хэрэгжилт, хүлээн авах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, тендерийн хууль болон холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх.

ХАМТЫН АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА

Салбарын бодит нөхцөл байдлыг ил тод болгох, хариуцлагын тогтолцоог бий болгох зорилгоор шүгэл үлээгч иргэд, мэргэжилтнүүдээс бодит мэдээлэл, нотолгоотой баримт хүлээн авах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.

Цугларсан мэдээлэл нь МТ-ийн төслүүдийн төсөв, гүйцэтгэл, давхардал, ашиглалт, чанар, хяналтын бодит нөхцөл байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд мэдээллийн технологийн салбарын нийт оролцогчдыг хамтын ажиллагаанд идэвхтэй нэгдэхийг уриалж байна.

ШИЙДЭЛТЭЙ ЭРС ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦЛООЁ.
МИТА – МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТББ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.