Уншиж байна ...

Цахилгааны ноцтой тасалдлын үеэр теннис тоглож байсан Берлин хотын даргыг огцрохыг шаарджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 17 минут
iKon.MN
Зураг зураг

Саяхан Германы нийслэл Берлин хотын баруун өмнөд дүүргүүдийн цахилгаан хангамж хэд хоногийн турш тасарсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хугацааны хамгийн урт тасалдал болсон юм.

Хорлон сүйтгэх ажиллагаанаас үүдэлтэй энэ тасалдалд өртсөн айл өрхүүд, байгууллагуудын хангамж аажмаар сэргэж эхлээд байгаа.

Бямба гарагт цахилгаан станцын ойролцоох түгээх шугамд гал гарснаас энэ тасалдал үүсэж, нийт 45,000 өрх, 2,000 гаруй бизнесийн байгууллагыг харанхуй болгосон юм.

Галыг санаатай тавьснаа улс төрийн зүүний үзэлтэй нууц бүлэг хүлээгээд байгаа.

Гэтэл энэхүү гамшгийн үеэр Берлин хотын дарга теннис тоглож байсныг хэвлэлүүд олж мэдээлжээ.

Хотын дарга Кай Вегнер тухайн өдрийн 13-14 цагийн хооронд өөрийн хамтран ажиллагсдын нэг, Берлиний боловсролын газрын дарга Катарина Гюнтер Вюнштэй теннист тоглож байснаа сүүл хүлээн зөвшөөрсөн байна.

Үүнээс өмнө тэр цахилгаан эрчим хүчний тасалдлыг арилгахын тулд цаг наргүй ажиллаж байгаагаа хэвлэлүүдэд ярьж байжээ.

“Бямба гарагт юу хийж байснаа би Ням гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа үнэн зөв хэлэх ёстой байсныг одоо ойлгож байна. Тийм ээ. Тухайн үед надад тархи толгойгоо цэвэрлэх богино завсарлага хэрэгтэй байсан юм. Үүнийг хийх хамгийн боломжтой арга спорт байсан” гэж Вегнер өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

зураг
 

Вегнер бол канцлер Фридрих Мерцийн тэргүүлдэг консерватив улс төрийн хүчин Христийн Ардчилсан Холбоо намын гишүүн.

Найман сарын дараа Германд орон нутгийн сонгууль болох гэж байхад Вегнер ийм асуудалд орсон нь тус намын хувьд том цохилт болж байна.

Берлиний сонгогчдын дунд нэр хүнд нь өсөж байгаа хэт барууны үзэл баримтлалтай AfD (Alternative fur Deutschland) нам энэ боломжийг шүүрэн авч, Вегнерыг огцруулахыг уриалжээ.

“Берлин хотын дарга тус хотын дэд бүтцэд террорист халдлага гарснаас үүдэлтэй онц байдлыг тоглоомоо зогсоох хэмжээнд хүртэл нухацтай авч үзээгүй нь муу хэрэг. Тэр бас Берлиний ард иргэдэд худал хэлсэн” гэж AfD намын парламентын бүлгийн дарга Кристин Бринкер огцруулах үндэслэлээ тайлбарласан байна.

Эрх баригч эвслийн нэг түнш Социал Демократ намын нэр дэвшигч  Стеффен Крак хүртэл хотын даргын үйлдлийг байж боломгүй, зохисгүй гэж дүгнэжээ.

Өчигдөр өглөө Вегнер үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Христийн Ардчилсан Холбоо намынхаа хууль тогтоогчидтой Берлин хотод уулзсаныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Европын бусад удирдагчид Вегнерийнхтэй ижил төстэй дуулианы улмаас албан тушаалаасаа огцорч байсан түүхтэй.

2024 онд 229 хүний амь үрэгдсэн их үерийн үеэр гурван цагийн турш өдрийн зоог барьж байсан нь илэрсэн Испанийн Валенсиа мужийн захирагч Карлос Мазон өнгөрсөн онд  албан тушаалаасаа огцорч байв.

2021 онд канцлер Ангела Меркелийг залгамжлах намынхаа дотоод өрсөлдөөнд тэргүүлж байсан Армин Лашет үерт өртсөн бүс нутагт ажиллах үеэрээ зохисгүй сэдвээр хошигнол хэлснийхээ төлөө олон нийтээс уучлал гуйж байлаа. Хоёр сарын дараа тэр канцлерын суудлыг Олаф Шольцод алдсан юм.

 

Эх сурвалж: The Guardian