Уншиж байна ...

Пёнян дахь элчин сайд нас барсантай холбогдуулан БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 11 цаг 42 минут
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улс дахь ОХУ-ын элчин сайд нас барсантай холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлжээ.

“Удирдагч Ким Жон Ун БНАСАУ-д суугаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Александр Иванович Мацегора таалал төгссөнтэй холбогдуулан арванхоёрдугаар сарын 8-ны өдөр ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд эмгэнэл илэрхийллээ” гэж Солонгосын Төв Мэдээний Агентлаг өнөөдөр өглөө мэдээлсэн байна.

БНАСАУ буюу Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс нь Умард Солонгосын албан ёсны нэр юм.

“Нөхөр Мацегора бол БНАСАУ-ын ард түмний дотны найз нөхөр байсан бөгөөд БНАСАУ-ОХУ-ын найрсаг харилцааг хөгжүүлэхэд сүүлийн 30 гаруй жилийн амьдралаа зориулсан хүн юм” гэж дээрх мэдээнд бас өгүүлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам Мацегора өнгөрсөн Бямба гарагт 70 насандаа гэнэт таалал төгссөнийг өчигдөр мэдээлэхдээ үхлийн шалтгааны талаар дурдаагүй юм.

Тэрбээр дөнгөж өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт солонгос хэл сурч буй оюутнуудтай Москвад уулзсаныг Оросын хэвлэлүүд мэдээлж байв.

Мацегора нь 2014 онд Умард Солонгост элчин сайдаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө ОХУ-ын гадаад хэргийн яамны Азийн Нэгдүгээр хэлтсийн орлогч захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр Пёнян дахь ОХУ-ын элчин сайдын яаманд зөвлөхөөр таван жил ажилласны дараа энэ албан тушаалд томилогдож байсан юм байна.

Путин түүнийг 2024 оны хоёрдугаар сард Александр Невскийн одонгоор шагнаж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News