Уншиж байна ...

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа: Эрт, Эдүгээ

Редакцын бус нийтлэл
Өчигдөр 11 цаг 01 минут
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор. Д.Уламбаярын өгүүллийг хүргэж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар энэ өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж буй нь дипломатын төдийгүй шашны эрх чөлөөний үйлд туйлын бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болж байна.

2023 оны наймдугаар сард Гэгээн Ширээт Улсын (The Holy See) Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь түүхэн бэлэг дэмбэрэлтэй үйл явдал байлаа. Энэ бол Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй өргөжин тэлж буй тод илрэл, ардчилал, шашны эрх чөлөөг цогцлоож буй Монгол Улсын олон улсын нэр хүндийн гайхам амжилт болсон юм.

Тухайн үед 86 насны сүүдэр зооглож байсан Пап Францис найман мянган км замыг туулан, 10 цаг үргэлжилсэн нислэгээр 1500 орчим католик шашин шүтлэгтэй Монгол Улсад үлэмж ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн юм. Түүнийг дагалдаж 23 орны 50 илүү хэвлэл мэдээллийн байгууллагын 150 орчим ажилтан ирж, төрийн айлчлалын талаар дэлхий дахинд мэдээлсэн юм.

Ватиканы албан ёсны цахим хуудсанд хэлсэн үгэндээ, “Хамтдаа найдъя” уриан дор болох Ази тивийн Монгол Улсад хийх Төлөөлөгчийн аяндаа хүн бүрийг залбирахыг урьж байна” гэжээ. "Хамтдаа найдъя" урианы агуулга нь Ромын папын Монгол дахь иргэний болон төрийн айлчлалын давхар утгыг онцлон харуулах зорилготой юм. Гэгээн хутагт Францис уг айлчлалыг "маш их хүсэж буй айлчлал" гэж нэрлээд "тоогоороо цөөн боловч итгэлээрээ эрч хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмийг хүлээн авах боломж" гэж тодорхойлсон. Тэрбээр Монголын шашны баялаг уламжлалыг дурссан бөгөөд “шашин хоорондын үйл ажиллагааны хүрээнд ялангуяа, танилцах уулзалт нь нэр төрийн хэрэг байх болно” гэжээ. Мөн Монголын ард түмний дунд католик шашны ахан дүүс оршин байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис айлчлалын хүрээнд Ардын их хурлын танхимд олон нийтэд хандаж үг хэлсэн билээ. Тэрбээр хэлэхдээ: Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна. Эрт цагт 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан.

Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай.

Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм.

Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай.

Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм хэмээн өгүүлсэн нь маш өндөр хүндэтгэл байлаа.

Тэрбээр монголчуудын байгаль орчинтойгоо хэрхэн дасан зохицож амьдардаг, монгол гэр, түүний онцлог мөн чанар, нүүдлийн мал аж ахуйн талаар сайхан үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь Пап IV Инносентийн зараалаар Жиованни Пиан де Карпинийн гүрний нийслэл Хархорум хотноо хийсэн аяллаас хойш 777 жилийн дараа болжээ.

Ариун Библи дотор 777 гэсэн гурван 7 давхардсан тоо нь албан ёсны, нэг мөр тогтсон гүн ухааны тайлбаргүй ч Христийн шашны уламжлал, судлаачдын дунд дараах утга санааг илэрхийлдэг байна.

Нэгд, Бүтэн, төгс байдлын бэлгэдэл гэж үздэг байна. Библид 7 гэдэг тоо төгсөлт, бүтэн байдал, дуусгавартай гэсэн утгыг илтгэдэг ажээ. Жишээлбэл: Бурхан 7 хоногт дэлхийг бүтээсэн, 7 лааны таван, 7 нүгэл, 7 сайн үйл, 7 тамга гэх мэт ажээ. Иймээс 777 нь төгс, төгс, төгс, өөрөөр хэлбэл бурхны төгс төгөлдөр чанарын гурван удаагийн баталгаа гэж үздэг ажээ.

Хоёрт, Ариун гурвалын бэлгэдэл гэж үздэг байна. Христийн шашинд, Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурвал нь төгс нэгдэл ажээ. “7” нь төгс байдал тул 777 нь “Ариун Гурвалын төгс төгөлдөр байдал” гэж тайлбарлагддаг ажгуу.

Гуравт, 666-ийн эсрэг, Бурхны талын тоо Илчлэлт номд 666 нь “Хараалын тоо”, “Амьтны тоо” буюу бурхны эсрэг хүчний бэлгэдэл ажээ. Тиймээс 666 хүнлэг бус, уналт, дутагдлын эсрэг 777 нь бурханлаг, ариун, бүтэн байдал гэж сөргүүлэн ойлгогддог байна.

Дөрөвт, Зарим теологид 777 нь Бурхны нэрийн бэлгэдэл гэж үздэг ажээ. Теологи нь Бурхны мөн чанарыг судалдаг шинжлэх ухаан юм. Зарим иудей, христийн теологичид тооны бэлгэдлийг ашиглан 777-г Бурхны нэр, эсвэл түүний төгс шинж чанарын код гэж үздэг.

Дүгнэвэл, 777 Бурхны төгс төгөлдөр байдал, ариун гурвал, 666-ын эсрэг бэлгэдэл ажээ. Энэ нь Ариун Библид шууд бичигдээгүй боловч Христийн шашны уламжлал, нууц тарнийн судлалд өргөн хэрэглэгддэг тайлбар ажээ.

Гэгээн Ширээт Улс нь Андорра, Лихтенштейн, Монако, Сан Марино зэрэг улсуудын нэгэн адил “бичил улс” гэж нэрлэгддэг бөгөөд нийслэлээр нь Ватикан хот улс хэмээн нэрлэх нь буй.

Гэгээн Ширээт Улс нь Палестин улсын хамтаар НҮБ-ын байнгын ажиглагчийн статустай хоёр улсын нэг юм. Сайхь улс өнөөгийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 улсаас 181-тэй нь дипломат харилцаатай бөгөөд харин БНХАУ-тай дипломат харилцаагүй, Хятадын Бүгд Найрамдах Улс буюу Тайваньтай дипломат харилцаатай, мөн БНАСАУ, Бутан, Мальдив зэрэг оронтой дипломат харилцаагүй юм.

Пап Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнээс гадна шашны тэргүүн. Тиймээс түүнийг шашин, төрийг хослон баригч хэмээн нэрлэх ажгуу. Түүнчлэн Пап нь католик шашин шүтдэг улс орнуудын шашны тэргүүн байдаг учир үлэмж нөлөөтэй байдаг.

Папаас Итгэмжлэх жуухаа гардан авсан Гэгээн Ширээт Улсаас хилийн чанадад суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг 1815 оны Венийн Протокол, 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвецийн 14 дүгээр зүйлд латин хэлээр Аpostolic nuncio (Апостолын нунц) гэж тусгайлан заасан байдаг. Энэ нь Гэгээн Ширээт Улсаас католик шашинт орнуудад суух Онц бөгөөд Бүрэн эрх барих элчин сайд бөгөөд нөгөө талаар Архиепи́скоп (archbishop) буюу христ шашны өндөр дээд хэргэм зэрэгт дипломат мяндагтан юм. Онц бөгөөд Бүрэн эрх барих элчинг Аpostolic Internuncio хэмээн конвенцид мөн тэмдэглэсэн. Дурдсан конвенцид Гэгээн Ширээт Улсын ЭСЯ-ыг латин хэлээр Аpostolic Nunciature гэж заажээ.

2025 оны аравдугаар сарын 1-ний байдлаар дэлхийн 183 оронтой дипломат харилцаатай, Азийн 28, Европын 32, Африкийн 32, Америк тивийн 22, Номхон далайн гурван орон буюу дэлхийн 117 оронд Апостолын Нунциатур, Вьетнамд Папын Төлөөлөгчийн гаүар, НҮБ-ын төв Нью-Йорк, Европ дахь салбар Женев, Европын Зөвлөл байрладаг Страсбургт Папын Байнгын Ажиглагч Төлөөлөгчийн газар ажиллаж байна.

Гэгээн Ширээт Улсын олон улсын эрхзүйн статус нь Латераны Пактаар зохицуулагддаг. Гэгээн Ширээт Улс, Итали улсын хоорондын харилцааны эрхзүйн статусыг зохицуулсан гэрээний системийг Латераны Пакт гэдэг. 1870 оны Итали дахь католик сүм хийдийн эрхзүйн статус, эрх ямбыг хуульчлан тогтоосон «Ромын асуудал»-ыг (Roman Question) зохицуулах зорилготой хэлэлцээрийг боловсронгуй болгох тухайд 1929 оны хоёрдугаар сард Апостолийн ордны Латераны танхимд Ромын Пап XI Пийн (Pope Pius XI) нэрийн өмнөөс Кардинал Пьетро Гаспарри, Италийн хаан III Виктор Эммануэлийн нэрийн өмнөөс Ерөнхий сайд Бенито Муссолин нар 27 зүйл бүхий Латераны Пакт, түүний салшгүй хэсэг Санхүүгийн конвенцид гарын үсэг зурж, мөн оны тавдугаар сард Италийн парламентын Доод танхим баталснаар мөн оны зургаадугаар сарын 7-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Гэрээний 1 дүгээр зүйлд: Католик шашин бол Италийн төрийн цор ганц шашин болохыг хүлээн зөвшөөрч нотолсон, 2 дугаар зүйлд: Гэгээн Ширээт Улсын бүрэн эрх, түүний дотор олон улсын үйл ажиллагаанд оролцох эрх, 3 дугаар зүйлд: Гэгээн Ширээт Улсын Ватикан хот дахь хил хязгаар, бүрэн эрхээ хэрэгжүүлэх статусыг тус тус олон улсын эрхзүйн дагуу баталгаажуулжээ. Гэрээний 24 дүгээр зүйлд: «Ватикан хот улс нь байнга төвийг сахисан, халдашгүй дархан нутаг гэж тооцогдоно» гэж заажээ.

Дэлхийн II дайны дараа 1948 оны Италийн шинэ Үндсэн хуулийн 7 дугаар зүйлд: Латераны Пактыг хүлээн зөвшөөрсөн байна. 1984 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улс ба Гэгээн Ширээт Улсын хоорондын шинэ хэлэлцээрээр 1929 оны Латераны Пактад нэмэлт өөрчлөлт оруулахдаа Гэгээн Ширээт Улсын төвийг сахисан статусыг үл хөнджээ. Энэ хэлэлцээрийг 1985 оны гуравдугаар сард Италийн парламентын соёрхон баталснаар хүчин төгөлдөр болжээ.

1970-аад оны олон улсын харилцаан дахь намжмал байдлын (dẻtеntе) гол бэлгэдэл болсон Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичигт 1975 оны наймдугаар сарын 1-нд Финландын Төрийн ордны Финландиа танхимд Европын 33 орон, (Албаниас бусад ) АНУ, Канадын төр, засгийн тэргүүн нар гарын үсэг зурсан байдаг. Тус түүхэн бага хурлыг хурлын дарга, Гэгээн Ширээт Улсын дипломат Апостолын нунц (элчин сайд) Агостино Сардинал Цасароли нээсэн нь ихээхэн бэлэг дэмбэрэлтэй үйл болсон гэж үздэг. Энэ жил энэ нэн чухал үйл явдлын 50 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд бүр VII зуунд католик шашинтууд Монголчуудтай харилцаж байсан тухай түүхийн эх сурвалж мэдээ байдаг. Папын элч төлөөлөгч Жиованни Пиан де Карпини, Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Поло нарын бичиж үлдээсэн аян замын тэмдэглэл, Илхаан Абага, Аргун, Газан, Өлзийт болон Ромын Пап IV Инносент, IV Kлемент, IV Хюнори, IV Николас, VIII Бонифас нарын хооронд солилцож байсан дипломат жуух захидал зэрэг нь Монгол, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхийн үнэ цэнтэй хосгүй өв мөн.

Монголын эзэнт гүрэн хүчирхэгжих цаг дор Евразийн өргөн уудам газар орон, хүн зоныг нэг засаг төрийн мэдэл дор илбэн тохинуулах их үйлийг сэдэн хэрэгжүүлж, “Монголын Их амар амгалан”-г тогтоосон билээ.

Их хаан Өгөөдэй 1241 оны хууч дээр тэнгэрт хальж, «аз» дайраагүй бол монголчуудыг юу ч зогсоож чадахааргүй байсан тухай эх бичигт тэмдэглэсэн байдаг.

Гэхдээ зарим ихэс дээдэс хөл дороо газар хөдлөхийг мэдэрчээ. 1243 оны зургадугаар сард IX Грегорийг залгамжлагч IV Инносент Ромын Папын ширээнд заларсны дараахан 1245 оны зургадугаар сард Лионы анхдугаар Зөвлөл буюу XIII Католик сүм хийдийн дээд Зөвлөлийн “Их чуулган” зарлан хуралдуулж, тус чуулганаар монгол-татаарын довтолгооноос Өрнө дахиныг хамгаалах зорилгоор загалмайтны аян дайныг монголчуудын эсрэг зохион явуулах тухай асуудлыг хэлэлцэж байсныг дипломын түүхэнд маш тодорхой тэмдэглэсэн байдаг.

Папын энэ төлөвлөгөө биелэгдээгүй боловч IV Инносент монголчууд Өрнө зүг үнэхээр дахин довтлох гэж байгаа эсэхийг баттай тодруулах, тэдний хүч чадавхыг тагнан мэдэх, түүнчлэн Пап өөрийн дипломат захидлыг Татаарын хаанд хүргүүлэх зорилгоор тийнхүү Франсуа гэгээнтний сургаалийн элч итали гаралтай Жиованни Пиан де Карпиниар (Giovanni da Pian del Carpine) толгойлуулсан элч төлөөлөгчдийг Монголын эзэнт гүрний Голын улсын төвд илгээжээ. Энэ тухай эх сурвалжид тэмдэглэснээр элч төлөөлөгчид 1245 оны дөрөвдүгээр сарын дунд дээр Ром хотоос хөдөлж,1246 оны долоодугаар сарын дунд хууч дээр гүрний нийслэл Хархорумд хүрэлцэн ирж, наймдугаар сарын дунд хэрд Их Хурилдайг биеэр ажиглаж, Гүюгийн хаан ширээнд залрах ёслолд оролцжээ.

зураг
 

Жованни Пиан де Карпинийн төрсөн хот Италийн Мажионе хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимын хойморт Монголын Эзэнт гүрний Их хаан Гүюгт бараалхаж буй Жованни Пиан де Карпине-г дүрсэлсэн фреск. Италиар fresco гэдэг нь Ханан дээр шинэхэн (нойтон) шохой түрхээд, шохой хатах явцад будгийг шингээж тогтоодог эртний уран зургийн техник ажээ. Маш удаан хадгалагддаг—барилгын хананд шууд уусдаг тул Сэргэн мандалтын үеийн Европын уран барилгын гол чимэглэл байсан агаад сүм хийд, ордон, хотын захиргааны барилга зэрэгт өргөн хэрэглэгдэж иржээ.

зураг
 
Ромын Пап IV Инносентээс “Монгол Татааруудын захирагч, ард түмэнд” илгээсэн латин хэл дээрх дипломат захидлын уг эхийн хуулбар

Ромын Пап IV Инноcентийн “Татааруудын захирагч ба ард түмэнд” хэмээх дипломат захидлын захидлын түүхэн ач холбогдол нь: Нэгд, Европын орнуудад Монголын аюул занал дээд цэгтээ хүрээд байсан үе байв. Киев бүхэлдээ эзлэгдэж, Унгар, Польшийн хаант улсууд сүйдэж, Монголын цэрэг Дунай мөрөнг гэтлэн Европ руу түрэн орж ирсэн байв. Легницийн тулалдаан нь Чингис хааны ач, Цагадайн хүү Байдар, Чингис хааны ач, Өгөдэйн хүү, Гүюгийн дүү Хадан жанжны удирдсан 20000

цэрэг Польшийн II Хенрих вангийн голлон удирдсан Польш, Германы хамтарсан шилмэл 60000 цэргийг хиар цохисон тулалдаан юм. Тулалдааны гол зорилго нь Бат хан, Сүбээдэй нарын цэрэг Унгарын IV Бела вангийн цэрэг болон Австрийн Темплерийн язгууртнуудын цэргийн одонт хүчинтэй тулалдах явцад буюу (Үүнийг Мохийн хөндийн тулаан гэдэг бөгөөд Бат хан, Сүбэдэй жанжны цэрэг Унгарын IV Бела вангийн удирдсан Хорват, Унгарын 65,000 цэргийг бут цохисон үйл явдал юм) баруун жигүүрээс хавсран цохигдох аюулыг зайлуулан сэргийлэх зорилгоор Польшийн нутагт цөмрөн орсон явдал байжээ. Энэхүү тулалдаан нь Европчуудад цэрэг-дайн, түүний номлолыг үндсээр өөрчилсөн том сургамж өгсөн гэж Өрнөдийн цэргийн түүх судлаачид үздэг. Үүний дараа Европ бүхэлдээ Монголын довтолгоо дахин сэргэх вий гэсэн айдас-түгшүүрт автсан байжээ. Тиймээс Папын захидал бол Европын дипломат оролдлогын хамгийн шийдвэртэй зоримог алхмуудын нэг байсан юм.

Хоёрт, Латин ба Монголын эзэнт гүрний анхны дипломат харилцааны эхлэлийг тавьсан. Тийнхүү Жованни Пиан де Карпинe Монголын эзэнт гүрэнд зориглон очсон анхны Европын элч болсон, Монголын эзэнт гүрний төрийн тогтолцоо, цэрэг зэвсгийн бүтэц, нүүдлийн аж амьдрал зэргийг баримтжуулсан анхны Европын эх сурвалжийн зохиогч юм. Түүний аян замын тэмдэглэл нь Ромын Пап, Монголын эзэнт гүрнийн анхны шууд харилцааны хөдөлшгүй түүхийн баримт болсон.

Гуравт, Папын зорилго-энхийн хэлэлцээ биш, ятган ухуулах явдал байжээ.

IV Инносентийн илгээсэн дипломат захидлын гол зорилго нь Монголчуудыг Христийн шашинд дагаар орохыг ятгах, “Бурханы хүсэлтийг дагахыг” аргадан шаардаж, Европ руу дахин довтлохгүй байхыг анхааруулах, Монголчуудыг эрх мэдлээ огоорохыг уриалах явдал байжээ. Гэвч Монголын тал дэлхийг нийтээр нэг засаг төрийн мэдэлд захирах нь “Тэнгэрийн зарлиг” гэж мэдэгдэж, Папын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.

Чингэж Их хаан Гүюг Папад хариу захидал илгээж, түүнд “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс шингэх хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон” гэж утгатай хариуг өгсөн билээ.

Дөрөвт, Жованни Пиан де Карпинe Гүюгийн их хааны сэнтийд залрах ёслолд оролцож, түүний цуглуулсан Монголын эзэнт гүрний төрийн ёслол, засаглалын тогтолцоо, Их хуралдай, хаадын угсаа, төрийн албатын бүтэц, Монгол цэргийн зохион байгуулалт, тактикийн тухай өргөн хүрээтэй мэдээлэл нь Европ дахинд төдийгүй дэлхийн түүхэнд онцгой үнэ цэнтэй түүний эх сурвалж болж үлдсэн.

Тавд, Европ дахь Монголчуудын тухай ойлголтыг үндсээр нь өөрчилсөн түүний аян замын тэмдэглэл Европт тархсан цуу яриа, домгийг халах боломж олгосон бодит түүхийн баримт бүхий анхны эх сурвалж болсон байна. Тэрбээр, Монголчуудын хүч чадал, тэдний стратеги, тактик, сахилга бат, байлдааны арга барил, улс төрийн бүтэц гэсэн шинэ мэдээллээр Европын улс төрийг сэрэмжлүүлжээ.

Жованни Пиан де Карпинe нутаг буцахын өмнөхөн Их хааны бичгийн сайд болон олон бичээч нар Ромын Папад илгээх Их хаан Гүюгийн зарлигийн жуух захидлын эхийг латин болон перс хэлэнд олон удаа тайлбарлан хэлж орчуулан өгчээ. Сайхь захидалд, «Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс шингэх хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон...Эдүгээ та нар иргэн чинь болж эд агуурс юугаа өгтүгэй хэмээн чин шударгаар үг өгүүлбээс зохино...Энэ үеэс эхлэн бид та нарыг ивээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрэв та нар тэнгэрийн бошгийг үл даган, ману зарлигийг эсэргүүцэх аваас дайсан минь болно...юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй» гэж ухуулан сэнхрүүлж төгсгөөд “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болга иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн монгол үсгээр сийлбэрлэсэн тамга даржээ.

зураг
 

Ромын Папын элчийн авч очсон Гүюг Их хааны жуух захидал гагцхүү перс хэл дээрх уг эхээрээ Ватиканы нууц архивт хадгалагдан үлдсэнийг 1920 онд францын эрдэмтэн, санаваартан Крилл Каралевский анх нээн олж, гэрэл зургийг нь хуулбарлан авч олны хүртээл болгосныг францын нэртэй перс, араб судлаач Анри Массе, нэрт эрдэмтэн Пол Пеллио нар судалж орчуулан нийтэлж, олны хүртээл болгосон билээ.

Евразийн уудам орон зайд тогтоосон «Монголын их амгалан» үзэл баримтлалын уг чанар нь хуулийг бүхнээс дээгүүр тавьж, шашныг нэг газар дор нэгтгэн зангидаж, хүлцэх, хүндлэх, шүтэж бишрэх эрх чөлөөг бүх талаар хөхиүлэн дэмжиж, үзэл суртлын сөргөлдөөнгүй, энхтайвнаар зэрэгцэн орших дор амар түвшин аж төрөх явдал байжээ.

Чингис хаан бээр Евразийн өргөн уудам орон зайд хуулийг бүхнээс дээгүүр тавьж, хуулийн дор засаглаж, улс хоорондын харилцааны эрхзүй, дипломат паспорт болох гэрэгэ, дипломат ёсны үндсийг тавьсныг “Их Засаг” хэмээх хууль цаазын дурсгал, бусад эх сурвалж гэрчлэх ажгуу.

Италийн нэртэй түүхч, монголч эрдэмтэн Игорь де Рачевилтц (1929-2016) 1971 онд бичсэн “Папаас Их хаадад довтолгосон элч нар” хэмээх нэн дорвилог бүтээлдээ: “1342 оны наймдугаар сард Юань гүрний сүүлчийн Их хаан Тогоонтөмөрт бараалхахаар Ромын Папын (Пап XII Бенедиктийн элч нар байх магадлалтай) тусгай элч Жоан (John) бээрээр удирдуулсан 32 төлөөлөгч Хан балгаст (Бээжин) ирсэн тухай тэмдэглэсэн байдаг. Тогоонтөмөр хаан тэднийг Папын элч нар хэмээн ихэд хүндэтгэн үзэж баяр ёслолтойгоор Шанду хот дахь зуны өргөөндөө хүлээн авчээ. Папын элч Их хаанд үнэ цэнэтэй бэлэг сэлт, түүний дотор “Тэнгэрийн аргамаг хүлэг” дүрсэлсэн уран зураг гардуулжээ. Итали зураач их хааныг тэнгэрийн хүлэгтэй зүйрлэсэн байна. Түүхч, Игорь де Рачевилтц бичихдээ: “Энэ зураг XIX зууны дунд хүртэл Манжийн хааны зуны ордны хаадын цуглуулагт хадгалагдаж байгаад магадгүй 1860 онд шатсан байх. Учир нь англи-францын цэргүүд Бээжинг довтолход ордныг шатаасан юм” гэжээ. Их хаан Тогоонтөмөр Пап ламтанг ихэд хүндэтгэн үздэгээ илэрхийлж, түүнд алт мөнгө, шаглаж оёсон алтадмал хувцас, торгон нэхмэл, тансаг үнэртэн, хүдрийн заар тэргүүтнийг бэлэг болгон илгээсэн байна. Жоан тэргүүтэй элч төлөөлөгчид Ромын Папаас Монгол гүрэнд ирсэн сүүлчийн элч нар байсан бололтой гэжээ.

Үзэл суртлын хүлээс тайлагдаж, хүйтэн дайн дууссанаар Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоогдсон бөгөөд хоёр орны хооронд улс төрийн харилцаа тийнхүү түлхүү хөгжиж иржээ.

Апостолын нунци Жон Булайтис 1995 онд Монгол Улсад зочлохдоо Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын Их хаан Гүюг, Ромын Папын харилцан солилцсон жуух захидлын уг эхийн хуулбарыг гардуулсныг Монголын Үндэсний түүхийн музейд залсан байдаг.

Нацагийн Багабанди бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 2000 онд Гэгээн Ширээт Улсад анх удаа ажлын айлчлал хийж, Ромын Пап, Гэгээн хутагт II Иоанн Павелтай анх удаа нүүр учран уулзжээ. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал тэмдэглэж, Гэгээн Ширээт Улсын элч төлөөлөгчид Монгол Улсыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн орны жишээ болгон дэлхийн олон нийтийн сонорт хүргэж байдгийг энэ үеэр мэдэгдсэн байна.

2000 оны есдүгээр сард Гэгээн Ширээт Улсын хамба нарын Синодын Ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэмсэг гэгээнтэн хамба Ян Скоттег Гадаад хэргийн дэд сайд С.Батболд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцож байжээ.

Монголын төрийн албан хаагчдыг Гэгээн Ширээт Улсын зардлаар сургалтад хамруулах, Ватиканы номын сан, архив дахь хоёр улсын харилцаанд холбогдол бүхий түүхийн баримт бичгээр үзэсгэлэн гаргаж, Европын улс орнуудад танилцуулах зэргээр хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэж байжээ. Дээрх тохиролцооны дагуу Монголын нэрт эрдэмтэн Ш.Бира, Д.Цэдэнсодном нар 2001 онд Ватиканы номын сан, нууц архивт ажиллаж, судалгаа хийж иржээ.

Гэгээн Ширээт Улс 1992 оноос хойш Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн бөгөөд нийт 20 гаруй төсөл Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай аймагт хэрэгжүүлжээ. 1999-2000 оны өвлийн зудны хохирлыг даван туулахад зориулан Пап II Иоанн Павел хувиасаа 50 мянган ам. доллар хандивласныг Монгол дахь Гэгээн Ширээт Улсын шашны төлөөлөгчийн газрын тэргүүн В.Падилла Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяртай уулзахдаа уламжилж байв. Мөн дээрх зорилгоор тус улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллага “Кор Унум” Папын Зөвлөлөөс 30 мянган ам. долларыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгт ирүүлж байжээ. Католик шашны “Каритас Интернационалис” байгууллагын төлөөлөгчид мөн үеэр Улаанбаатарт ирж ажилласан бөгөөд зудад нэрвэгдсэн малчдад туслах, тэднийг малжуулах, богино, урт хугацааны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр орны найрсаг харилцааг чанарын шинэ шатанд гаргасан үйл явдал болсон гэж дүгнэж болно.

Монгол Улс уламжлалт буддын шашинтай улс боловч шашны эрх чөлөөг цогцлоодог улс мөнийн хувьд католик ертөнцөд өөрийн олон улсын байр суурь, нэр хүндээ бэхжүүлэхэд Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал нэн чухал ач холбогдолтой байлаа.