Уншиж байна ...

Space X компанийн нууцыг хулгайлах гэсэн шалтгаанаар Оросын сансрын нисэгчийг АНУ-аас хөөрөх бүрэлдэхүүнээс хасжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станц руу АНУ-аас хөөрөх Crew 12 багийн бүрэлдэхүүнээс Оросын сансрын нисэгч Олег Артемьевыг хассан тухай салбарын эх сурвалж мэдээлжээ.

Сансар судлалын шинжээч Георгий Тришкин энэ тухай анх Телеграм сувгаараа мэдээлсэн байна.

Тришкиний мэдээлснээр Артемьев нь Калифорни мужийн Хоторн дахь SpaceX компанийн баазад бэлтгэлд хамрагдаж байх үедээ АНУ-ын ITAR (International Traffic in Arms Regulations) үндэсний аюулгүй байдалтай холбоотой экспортын хоригийг зөрчсөн шалтгаанаар хасагдсан гэнэ.

Тухайлбал тэр компанийн дотоод бичиг баримт болон хөдөлгүүрийн зургийг гар утасны камерт буулгаж, баазаас авч гарахыг завдаад баригдсан юм байна.

Ийм шалтгаанаар хөөрөхөөс хэдхэн сарын өмнө Артемьевыг багийн бүрэлдэхүүнээс хассан нь асуудал ямар ноцтой байсныг харуулж буйг “The Insider” онлайн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тришкин онцолжээ.

Оросын сансар судлалын агентлаг Роскосмос “өөр ажилд шилжих шаардлагатай болсон” үндэслэлээр Артемьевыг сольж байгааг мэдэгдсэн байна.

Crew 12 баг 2026 оны хоёрдугаар сард хөөрөх хуваарьтай байгаа юм. Артемьевыг одоо тойрог замд ажиллаж буй Андрей Федяев орлохоор болжээ. Федяев өмнө нь SpaceX-ийн Crew Dragon хөлгөөр Олон Улсын Сансрын Станцад очсон юм.

54 настай Олег Артемьев өмнө нь гурван удаа сансарт нисэж байсан бөгөөд сүүлд АНУ-ОХУ-ын хамтарсан нислэгийн хөтөлбөрт хамрагдан Crew 12 багийн гишүүнээр сонгогдож байжээ.

Тэрбээр 2019 оноос хойш Москва хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Нэгдсэн Орос намыг төлөөлөх болсон байна.

 

Эх сурвалж: The Insider