Уншиж байна ...

Өмнөд Солонгост 120,000 гаруй камерт нэвтэрч, хүмүүсийн хувийн бичлэгээр ашиг олдог этгээдүүд баривчлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост айл өрх, бизнесийн байгууллагуудад суурилагдсан 120,000 гаруй камерт хулгайгаар нэвтэрч, хувийн бичлэгийг нь гадаадын вэбсайтуудад байрлуулан ашиг олдог дөрвөн этгээд баривчлагджээ.

Интернэтэд холбогддог (IP) камеруудад хэтэрхий энгийн нууц үг хэрэглэдэг сул талыг ашиглан ийм хэрэг үйлдэж байсныг илрүүлснээ тус улсын цагдаагийн байгууллага Ням гарагт зарласан байна.

Гэмт этгээдүүдийн гарт орсон камерууд нь айл өрхүүд, караоке өрөөнүүд, фитнес клубүүд, эмэгтэйчүүдийн эмнэлэг зэрэг хүний хувийн орон зайд тооцогддог газруудад суурилагдсан байжээ.

Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газар баривчлагдсан дөрвөн этгээд нь хоёр хоёроороо хоорондоо хамааралгүй, тус тусдаа ажиллаж байсныг мэдээлсэн байна.

Тэдний нэг бүлэг 63,000 орчим камерт халдаж, бэлгийн мөлжлөгт ашиглах 545 дүрс бичлэг үйлдэж, 35 сая воны ($12,235) орлого олсонд буруутгаж байгаа гэнэ.

Нөгөө бүлэг нь 70,000 камерт халдаж, 648 дүрс бичлэг үйлдэж, 18 сая воны орлого олсонд буруутгагджээ.

Эдгээр сэжигтнүүд өнгөрсөн онд IP камераар дамжин интернэтэд алдагдсан нийт дүрс бичлэгийн 62 орчим хувийг үйлдсэн гэгдэж байна.

Цагдаа нар одоо ийм бичлэгүүдийг тараадаг вэбсайтуудыг хаах чиглэлд гадаадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа ажээ.

Тэд мөн вэбсайтаар дамжуулан ийм материал худалдаж авсан гурван хүнийг сэжигтнээр татаж, баривчилсан байна.

“IP камерт нэвтэрч, хууль бус бичлэг үйлдэх нь хохирогчдод асар их зовлон учруулдаг тул ноцтой гэмт хэрэг юм. Бид мөрдлөгөө эрчимжүүлснээр эдгээрийг арилгах болно. Хууль бус аргаар үйлдсэн бичлэгийг үзэх, эзэмших нь мөн ноцтой гэмт хэрэг тул тэдгээрийг бид идэвхтэй шалгах болно” гэж Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Пак У Хюн мэдэгджээ.

Цагдаагийн албан хаагчид 58 байршилд очин хохирогчидтой биечлэн уулзаж, нууц үгээ солих заавар өгсөн байна.

“Юуны өмнө гэр орон, ажлын байрандаа IP камер суурилуулсан хувь хүмүүс сонор сэрэмжтэй байж, нэвтрэх нууц үгээ нэн даруй, тогтмол өөрчилж байх нь чухал бөгөөд үр дүнтэй арга юм” гэж цагдаагийн байгууллагын мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: BBC