Швейцарын хүний үхэх эрхийн төлөө тэмцэгч Dignitas байгууллагын үүсгэн байгуулагч 92 настай Людвиг Минелли өнгөрсөн Бямба гарагт сайн дурын үндсэн дээр амиа егүүтгэжээ.
Тэрбээр хэдхэн хоногийн дараа буюу энэ Баасан гарагт 93 нас хүрэх байсан юм.
Dignitas байгууллага эмгэнэлдээ Минеллийг “сонголт хийх, өөрийн хувь заяаг шийдэх хүний эрхийн төлөө амьдралаа зориулсан хүн” хэмээн магтжээ.
Минелли 1998 онд Dignitas-ийг үүсгэн байгуулснаасаа хойш мянга мянган хүнийг зовлонгүйгээр нас барахад нь тусалсан юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зарим улс орнууд өөрийн сонголтоор бусдын тусламжтай нас барах асуудлыг хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг улсууд энэ эрхийг хуулиар баталгаажуулсан юм. Их Британийн парламентын Лордын танхим одоо энэ талаар хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ийм хуулийг шүүмжлэгчид хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүмүүс бусдын нөлөөгөөр амиа егүүтгэх боломж үүсэх эрсдэлтэй гэж үздэг.
Минелли нь сэтгүүлчийн мэргэжлээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Германы “Der Spiegel” сэтгүүлд ажиллаж байхдаа энэ талын хууль эрх зүйн орчныг судалж эхэлжээ.
Тэрбээр амьдралынхаа турш хүний үхэх эрхийн төлөө тэмцэхдээ “нэр төртэй амьдрал, нэр төртэй үхэл” уриа бүхий Dignitas байгууллагыг үүсгэн байгуулсан юм.
2010 онд BBC сувагт өгсөн ярилцлагадаа Минелли “Бид манай нийгэмд хүний сүүлчийн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой гэдэгт би итгэлтэй байна. Хүний сүүлчийн эрх бол өөрийн сонголтоор амьдралаа дуусгах бөгөөд энэ зорилгодоо эрсдэлгүйгээр, өвдөлтгүйгээр хүрэх боломж юм” гэж хэлж байжээ.
Тэрбээр Швейцарын энэ чиглэлийн хуучны байгууллага Exit-ээс хэтэрхий хязгаарлагдмал дүрэм журамтай гэсэн үндэслэлээр салсны дараа Dignitas-ийг байгуулж байв.
Dignitas нь бусад хуулиар зөвшөөрөгдөөгүй улс орнуудын иргэдэд Швейцарт ирж, эрхээ эдлэх боломжийг олгодгоороо алдаршсан байгууллага юм.
Өнгөрсөн хугацаанд Минелли хууль эрх зүйн олон саад бэрхшээлтэй тулгарч, тухай бүрд нь шүүх дээр ялалт байгуулж байв.
2011 онд Европын Хүний Эрхийн Шүүх хүмүүс өөрийн амьдралаа төгсгөх арга зам, цаг хугацааг шийдвэрлэх эрхтэй гэсэн дүгнэлт гаргасан нь Минеллийн олон жилийн хүчин чармайлтын үр дүн байсныг Dignitas мэдэгдэлдээ дурджээ.
Швейцар улс 1942 оноос хойш ямар ч ашгийн төлөө сэдэлгүйгээр, эрүүл саруул ухаанаар гаргасан шийдвэрт үндэслэн бусдын тусламжтай амиа егүүтгэх боломжийг маш хатуу шалгуурын дагуу хуулиар зөвшөөрдөг болсон юм.
Dignitas мэдэгдэлдээ “Амьдралаа дуусгах өөрийн сонголтыг хийх эрх чөлөөний төлөө тэмцэгч олон улсын байгууллагынхаа хувьд бид үүсгэн байгуулагчийнхаа үзэл санааны дагуу үйл ажиллагаагаа цааш хөгжүүлэн үргэлжлүүлсээр байх болно” гэжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!