Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү түүхэн өдөрт зориулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, шинжлэх ухааны доктор, Хүндэт дипломат Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бээр ХVII жарны “Буян үйлдэгч” хэмээх хар усан барс жилийн зуны дунд улаан морин сар, билгийн тооллын 12, Сумьяа гариг, аргын тооллын 2022 оны долоодугаар сарын 11-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 860 жилийн ойн босгон дээр төрийн ордон, төрийн бүх байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд, айл өрх бүр хоймортоо Их эзэн богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухайд зарлиг буулгасан нь туйлын бэлэг дэмбэрэлтэй үйл болсон билээ.
Өнөөгийн дэлхий дахины шинэ дэг тогтолцоог анхлан журамлагч нь Их эзэн Богд Чингис хаан хэмээн дэлхийн судлаачид эдүгээ хүлээн зөвшөөрч, монголчуудын тогтоосон Pax Mongolica-г “Монголын их амар амгалан” хэмээн нэгэнт үзэх болжээ.
Чингис хаан бээр XIII зууны эхээр хаяа хаяагаа дэрлэн оршсон Монгол угсааны олон ханлиг, аймгуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор, өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болсноор монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувиргасан төдийгүй Төв Ази, цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаа, геополитикийн төлөв байдалд чанарын үндсэн өөрчлөлтийг оруулжээ. Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн өргөн уудам нутагт оршин тогтнож байх цаг дор Чингис ба түүний дараах их хаад тэргүүлсэн Монголын тал нутгийн тэнгэрлэг заяат дээд язгууртнууд хол, ойрын хүчирхэг суурьшмал хөршүүдээр хүрээлэгдсэн өөрсдийн гал голомт, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, тэдгээрээр төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хүлээлгэн зөвшөөрүүлэхэд чиглэсэн хатуу, зөөлөн хүчинд суурилсан “Монголын их амар амгалан”хэмээх үзэл баримтлалд суурилсан“дэлхийн шинэ дэг журам”-ыг илбэн тохинуулах хүртэл гадаад бодлого, дипломат ажиллагааг явуулж байсан ажгуу.
Чингис хаан оюун ухаан нээгдэж, хүчин чадал олох сацуу Монгол үндэстнийг нэгтгэж, нэгэн улс гэр байгуулан өөрийн эцэг өвгөдөөс инагш эзлэн сууж байсан Монгол нутаг ба ялангуяа Гурван голын нутгийг сахин хадгалсугай хэмээх улс төр ба үндэсний бодлогыг чухал болгон явуулжээ. Чингис хаан зөвхөн өрх гэрийг байгуулан үндэсний улс төрийг тогтоон, бас ч өшөөт дайсан болсон этгээд лугаа хүчийг мохоон, дан гагц өөртөө засан тогтож, эв найрамдлыг хадгалан суусугай хэмээсэн боловч Чингис лугаа эрх мэдэл зэрэгцэгчид хэрхэн энгийн сууж чадсан билээ. Тиймээс Чингис хаан нэгэнт дийлээд тэдний хүн зоныг нэгтгэн дагуулжээ. Журмыг сахиж, найрамдлыг хадгалан орштугай хэмээсэн боловч Сартуул иргэн Чингис хааны илгээсэн элч худалдаачдыг хөнөөж ёсгүй аашилсан тул тийнхүү аргагүйн эрхээр ёс бус ихэс ноёдыг цээрлүүлж, улс орныг нь бултаар нэг засаг төрийн мэдэл дор нэгтгэн илбэн тохинуулах асар өргөн цар хүрээтэй цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн нь түүхийн хүрдийг орвонгоор нь өөрчлөхөд хүргэсэн билээ.
Монголчууд өөрсдөө хүн ам цөөн, Өрнө, Дорно этгээдэд эзэлсэн нь үлэмж, хойч үедээ их амар амгаланг цогцлоохуй дор Монгол үндэсний төр улсын алс хил хязгаарын аюулгүй байдлыг сэргийлэн сахих хялбаргүй ажлыг эхлүүлэхдээ Өрнө зүгийн улс орныг Өрнө зүгт нь алс хол захируулан суулгасан нь чухамдаа Өрнө зүгийн аюулыг Өрнө зүгт нь сэргийлсэн хэрэг байсан агаад Өмнөдийн аюулыг Өмнө этгээдэд сэргийлсэн хэрэг байсан бөгөөд, чухамдаа өөрийн язгуурын жинхэнэ гал голомтыг гаднын ямар ч аюул, занал учруулахгүйгээр сахин хамгаалах үндэсний аюулгүй байдлын цогц тогтолцоог буй болгосон ажгуу.
Чингэхдээ Монголын эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон Евразийн уудам нутагт оршин тогтнож байх цаг дор Чингис ба түүний дараах их хаад тэргүүлсэн Монголын тал нутгийн тэнгэрлэг заяат дээд язгууртнууд хол, ойрын хүчирхэг суурьшмал хөршүүдээр хүрээлэгдсэн өөрсдийн гал голомт, үндэсний аюулгүй байдлыг хангах, тэдгээрээр төр улсын тусгаар тогтнолоо хүлээлгэн зөвшөөрүүлэхэд чиглэсэн “хүчээр түрээ барих”, “тулган шаардах”-аас эхлээд“Монголын их амар амгалангийн дэг тогтолцоо”-г илбэн тохинуулах хүртэл хатуу, зөөлөн хүчинд суурилсан гадаад бодлого, дипломат ажиллагааг тууштай баримтлан явуулж байсан ажээ.
ЗХУ-ын ГЯЯ-ны Дипломатын Академийн захирал асан академич С.Л.Тихвинский «Монгол-Татаарууд Ази, Европт» бүтээлдээ бичихдээ: Монголын эзэнт улс хүчирхэгжээд 1236 оноос аймшгийн эрч хурдтайгаар энэ үйлийг эхлэв. Перс 1231 оноос, Умард Хятад буюу Алтан улс 1233 онд эзлэгджээ. 1236 онд Булгаруудын Вант улсыг мөхөөж, 1238 онд Кипчак бууж өгөв. Мөн оны хоёрдугаар сараас Москваг сүйтгэж, 1239 онд Өмнөд Оросын тал нутаг эрхшээлд нь оров. 1240 оны арванхоёрдугаар сард Киевийг сөгтгөж, 1240-41 оны өвөл Польш, Мажарыг эзлэв. 1241 оны дөрөвдүгээр сард 30 мянган цэрэгтэй Польш, Германы загалмайтны рыцарь морьтны арми нь Льегнитцийн дэргэдэх Вахльштадтад хиар цохигдов. Дөрөвдүгээр сарын 11-нд Персийг буулган авав. 1241 оны долоодугаар сард монголчууд Вена хотын дэргэдэх Нейштадт хүрэв. Арванхоёрдугаар сарын 25-нд Батхан Дунай мөрнийг хөлдүү байхад нь гаталж Гран хотыг эзэлж авсан гэжээ.
Монголчууд юу ч дийлэхээргүй их давлагаа мэт түрэн орж иржээ. Гагцхүү их хаан Өгөөдэй 1241 оны арванхоёрдугаар сарын 11-нд тэнгэрт хальж, нэг ёсны «аз» дайраагүй бол тэднийг юу ч зогсоож чадахааргүй байв. Түгшүүрт мэдээг Батхан 1242 оны босгон дээр Адриатын тэнгисийн эрэгт байхдаа хүлээн авчээ. Монгол цэргийн дийлэнх хэсэг даруй нутаг буцав.
«Их Яса» цаазад зааснаар шинээр Их хаан их ор суухад алтан ургийнхан, цэргийн бүх жанжин, захирагч нар байлцах ёстой байв. Гуравхан жилийн дотор Дорно зүгээс нэр нь үл мэдэгдэх «буруу номтон» морьтон нүүдэлчид хуй салхи мэт түрэн орж ирэн Дорнод Европыг эрхшээлдээ оруулж, бүтэн нэг тивийн улс орныг ялан дийлээд Герман, Италийн хаалгыг тогшиж эхэлжээ. Ахар хугацаанд монголчууд түрэн орж ирсэн нь Өрнөдөд Аттилагийн түрэмгийллээс хойш тохиолдоогүй аюул нүүрлэсэн нь энэ юм.
Францын Сорбонны их сургуулийн профессор, дундад зууны түүхийн нэрт эрдэмтэн Клауд-Клэр, Ренэ Каплер нарын Плано Карпинийн “Монголчуудын түүхийн тэмдэглэл”-ийн эртний латин хэлнээс хийсэн эцсийн бүрэн гүйцэд хөрвүүлгийн удиртгалд II Фредерикийн захидлаас эшилсэн нь: “Тамын хөвгүүд болох татаарууд гэнэт тэнгэрийн хилэн, гал цахилгаан адил гарч ирлээ” гэжээ. Үнэндээ их хаан Өгөдэй тэнгэрт халиагүй бол Өрнөд Европ ааг омогтоо багтаж ядсан “буруу номтон” Монгол-татаарчуудтай нэгдмэл хүчээр тэмцэж чадахааргүй байв.
Гэхдээ зарим ихэс дээдэс хөл дороо газар хөдлөхийг мэдэрчээ. Ромын пап IV Инносен монголчууд Өрнө зүг үнэхээр дахин довтлох гэж байгаа эсэхийг баттай тодруулах, тэдний цэрэг, зэвсгийн хүчийг тагнан мэдэх зорилгоор тийнхүү Франсуа гэгээнтний сургаалын гэлэн Жан де Плано Карпиниар толгойлуулсан элч төлөөлөгчдийг Дорно зүгт Монголын эзэнт гүрний Голын улсад илгээж байсан юм.
Евразийн өргөн уудам орон зайд тогтоосон Монголын их амар амгаланд суурилсан дэлхийн шинэ дэг журмын чухамхүү уг сурвалж нь аанлай зөөлөн хүчний бодлого байсан гэж үзэж болохоор байна. Чингис хааны билиг сургаалд тэмдэглэхдээ:
“Олон улсыг эзэлсү хэмээвээс биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох” гэжээ.
Илхант улсын төрийн зүтгэлтэн, түүхч Рашид-ад-Дин бээр “Шастирын чуулган” бүтээлдээ Чингис хааны билиг сургаалаас гуч гаруй хэсгийг перс хэлнээ хөрвүүлжээ.
Чингис хаан өгүүлэхдээ:
“Омог хүчийг тарааж
Олныг аргаар барью
Олны эзэн болох буй
Арга билгийг сайтар мэдвэл
Аливаа хүчтэнийг
Эрхээр болгох хялбар
Арга билэггүй бол
Алган дахийг ч
Тогтооход бэрх буюу
Биеийн бөхөөр ганцыг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу” гэжээ.
Их эзэн богд Чингис хаан бээр өөрийн үр хүүхэд, дүү нар хийгээд өрлөг сайд нартаа хандан сургаж айлдсан үгийн цомгийг Чингис хааны билиг сургаал хэмээх болой.
Монголчууд эв найртай харилцаа тогтохыг хүсэмжлэн “алтан аргамж” хэмээн ихэд чухалчлан дипломат элчийг довтолгож байсан нь зөөлөн хүчний бодлогын тод илрэл байжээ. Дорно дахины уламжлал ёсоор элч гэдэг нь хүндэт дээд зочин учир итгэлийг хөсөрдүүлж, элчийг хороохыг хамгийн бузар үйл гэж үзэж үүнийг хэзээ ч өршөөдөггүй байжээ. Элч нарыг хөнөөсөн хотуудыг монголчууд «догшин хот» гэж нэрлэж байжээ. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр суурилсан Монгол заншил ёсоор хийсэн ялынхаа өр төлөөсийг хамтаараа эдлэх учиртай байсан гэж монголчуудын явуулсан цэрэг, дайны ажиллагааны нэг учир шалтгааныг Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилёв тайлбарласан юм.
Францын IX Людовик хааны зараалаар 1254 оны хавар Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд хүрэлцэн ирсэн христос шашны ширээт лам, дипломат элч Гильом де Рүбрүктэй Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хүү Их хаан Мөнх биечлэн уулзаад зарлигийн жуух бичгийг хүргүүлсэн байдаг. Дурдсан бичигт өгүүлэхдээ: « Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахаас шингэх хүртэлх бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно» гэж зөөлөн хүчийг ашиглаж байсан ажээ.
Төр, шашныг хослон баригч, хоёр ёсны онолыг үндэслэгч Хубилай Их хаанаас Японы ванд илгээсэн Жуух бичиг зөөлөн хүчний үзэл санаагаар нэвтэрхий билээ.
Түүнд: «Дээр Тэнгэрийн Ивээл дор
Их Монгол улсын Хуанди, Япон улсын ванд Бичиг илгээж амуй.
Богд хүмүүн миний бодоход, Бага улсын хаад хил савлахын цагт харилцах зам хайж, эетэн найрамдах арга сүвэгчилдэг нь эртний уламжлал. Өвөг дээдэс ману, Тэнгэрийн ивээлээр таван өнгө улсыг мэдэлдээ оруулж, холхи алсад ч бидний их хүчнээс эмээж, эрдэм нигүүлслийг минь бишрэгч орон тоолж баршгүй олон. Богд хүмүүн би бээр сууринаа суусан эхэн цагаас дайн самууны хөлд он удаан шаналж асан Гуулин улсын энгийн номхон иргэдийн зовлон зүдгүүрийг нимгэлж, цэргээ татаж, нутаг орныг нь эгүүлэн өгч, хөгшин залуугүй буцаасанд Гуулин ван, түшмэл түшээд талархан, Гүрэнд айлчилсан бөлгөө. Тийнхүү Богд хүмүүн миний улс ба Гуулин улс нь Их Төрөөр бол хаан ба албатын харилцаатай боловч, чухам санаа нь эцэг, хөвүүдээс юун ялгарах аж. Ван ба албат иргэд ч үүнийг аль хэдийнээ мэдэж буйзаа. Гуулин улс миний дорно хөрш, Японтой нэн ойр. Япон нь улс нээснээсээ янагш, Дундад улстай үе үе арилжаа наймаа хийдэг байсан атлаа, намайг сууринд сууснаас хойш нэг ч удаа элч зарж ирүүлэн эетэн найрамтъя хэмээсэнгүй. Вант улс хараахан учир мэдэхгүй байгаа бололтой тул, тусгайлан элчид Бичиг өвөрлүүлэн илгээж, миний санааг сайтар сэнхрэн ухтугай хэмээв. Өдгөөгөөс эхлэн, харилцан ирж очиж, амар мэндээ эрэлцэн, сайнаар эетэн найрамтваас зохистой.
Богд хүмүүн Дөрвөн далайг нэгэн хотол гэрт нэгтгэе хэмээх бөгөөд, харилцан ирж очиж, сайнаар эс эетэн найрамтах аваас, юуных нь нэгэн гэр бүлийн Зүй орших билээ. Эвсэх, цэрэглэхийн алийг сонгохоо Ван сайтар тунгаатугай.
Тийн мэдтүгэй хэмээн өгүүлжээ.
Үүний хариу үйлдэл нь Япон үндэстнийг орших, эс оршихуйтай тулгарахад хүргэсэн түүхтэй билээ.
Монголын Илхаадаас Өрнө дахины хаадад илгээж байсан дипломат бичиг захидал дотроос Өлзийт ханы захидал агуулгаараа онц сонирхолтой байдаг. Эл захидлыг Өлзийт хан 1304 оны тавдугаар сард Илхан ах Газаныг тэнгэрт хальсны дараа буюу 1304 оны долдугаар сард хаан ширээ залгамжлаад, 1305 оны эхээр Франкийн хаан гоо Филиппт илгээжээ. Захидалд өгүүлэхдээ: «Эдүгээ, бидэнтэй ч та бүхэнтэй ч үл найрамдах этгээдтэй бид тэнгэрийн хүчин дор бүгдээрээ хамсран тэмцэхийг тэнгэр мэдтүгэй...Харин эдүгээ Тэнгэрийн ивээлээр ах дүү бид бүгд зохилдож наран ургах Нанхиадуудын газраас Тагу тэнгис хүртэл (манай) улс гүрнүүд барилдаж харилцаагаа сэргээж (өртөө) замуудаа байгуулав. Бидний завсар хэн бус сэтгэвээс бүгдээрээ хамсарч тэдний дээр байя хэмээн үг барилдав. Эдүгээ манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ахтай найрамдаж харилцсаныг яахин бид огоорох билээ... Олон франкуудын вангууд хамт (хоорондоо) зохилдож амуй хэмээн (бидэнд) айлтгасан билээ. Үнэнхүү зохилдохоос сайн юу байх билээ» хэмээсэн байх агаад үүнийг «хуучин ертөнцийн үлэмж их орон зайд их амар амгалан тогтоох» үзэл санааг монголчууд анх удаа сэдсэн болохыг нэрт монголч эрдэмтэн В.Л.Котвич олж ажиглаад «XIII зууны эхэн үед Монголчууд дэлхий нийтийн энхтайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь» хэмээх өгүүлэл бичиж энэ нь түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1970 оны “Түүхийн асуудлууд” хэмээх франц хэл дээр гардаг сэтгүүлийн дугаарт хэвлэгджээ. Өрнөд Европт тогтсон энх амгалан байдлыг монголчууд өөрсдөө зарлан мэдээлсээр байсан байх бөгөөд найртай сайхан байхыг ихэд эрхэмлэсэн «үнэнхүү зохилдохоос сайхан юу байх билээ» хэмээсэн монгол ханы бодол санааг илэрхийлсэн зөөлөн хүчний гайхамшигтай үзэл санаа бүхий өгүүлбэрийг жуух захидалдаа шигтгэж өгчээ. Мөнх хааны хэлсэн бүх ертөнц эв баясалд нэгдэхийн цагт бидний зорилго илт болно гэсэн санаа ч үлэмжийн утга учиртай байжээ. Энэ бол дипломат ажиллагаан дахь зөөлөн хүчний тод илрэл болсон юм. Өлзийт хан Монголын бусад хаадтай яриангүй найрсаг байж монгол газрын дотоодод ч тэр, хилийн чанадад ч тэр тогтсоор байсан status-quo-г улам батжуулахыг мэрийж байжээ гэж эрдэмтэн В.Котвич үзсэн байна.
Алтан ургийнхан 45 жил үргэлжилсэн дотоодын зөрчил тэмцлээ эцэс болгож, эвлэлдэн XIV зууны эхээр санасандаа хүрчээ. Алтан ургийнхны тусгаар улсуудын дотоодод энх амгалан, эв эе, нэгдмэл байдал дахин тогтсон хэдий ч өмнөх үе шигээ Голын улсын захиргаанд бус, харин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл бүхий шинэ зарчимд тулгуурлах болжээ. Монголын эзэнт гүрний Тусгаар улсуудын Холбоо нь Бат ханы Алтан Орд улс (1240-1502), Хубилайн хааны Юань улс (1271-1368), Хүлэгүгийн Ил хант улс (1256-1353), Цагаадайн улс (1225-1358)-аас бүрдэж байсан байх бөгөөд тэднээс хамгийн өнө удаан оршин тогтносон нь Алтан Орд улс ажээ.
Тухайн үеийн дэлхий дахины нөлөө бүхий улс орнууд Монголын хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар Евразийн өргөн уудам нутгийн олон улс орныг эрхшээл нөлөөндөө оруулж Дорно, Өрнийн хэрэгт үлэмж эрх мэдэл бүхий болсон Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсан нь тодорхой юм.
Бүдгэрч балрахад хүрсэн “Торгоны их зам” нэг засаг төрийн мэдэлд орсны дараа чөлөөт худалдаа, аян жуулчлал, шашны нөлөө тархалт, мэдээлэл, харилцаа холбоо урьд өмнө байгаагүй хөгжин цэцэглэх үүд нээгдсэн нь монголчуудын тогтоосон дэлхийн шинэ дэг журамтай шууд холбоотой байв. Монголчуудын Евразийн уудам тал нутагт явуулсан цэрэг, дайны ажиллагаа өргөжих тутам урьд нь үл мэдэгдэх олон улс оронтой учрахад хүргэж, энэ нь чухамхүү анхны газарзүйн их нээлт байсан агаад цаашдаа Өрнө, Дорнын хоорондын харилцаа, холбоо хөгжин цэцэглэхийн шийдвэрлэх хүчин зүйл болсон байна.
Их Монгол улсын гадаад бодлогын номлол, дипломат ажиллагааны зорилго, чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг үеийн олон улсын байдал, суурьшмал хөрш орнуудын зүгээс Монголын төр улсын талаар баримталж байсан дайсагнасан бодлого, хандлага хүчтэй нөлөөлж байв. Тиймээс ч Монгол Улс хүчирхэгжин мандах цаг дор дэлхийг нийтээр нь нэг засаг, төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлого явуулжээ. Япон тэнгис, Солонгосын хойгоос Ариун Ромын эзэнт улсын хил, Адриатик тэнгис хийгээд Ойрх Дорнод, Египет хүртэл, Ява, Суматари арлаас Байгаль далай ба Саяны уулсыг өнгөртөл өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, цаана нь үлдсэн хэсэгт үлэмж нөлөөтэй болсон тул эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа нийт Евразийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болж иржээ.
Чингис хаан бээр Евразийн өргөн уудам орон зайд хуулийг бүхнээс дээгүүр тавьж, хуулийн дор засаглаж, улс хоорондын харилцааны эрхзүй, дипломат паспорт болох гэрэгэ, дипломат ёсны үндсийг тавьсныг “Их Засаг” хэмээх хууль цаазын дурсгал, бусад эх сурвалж гэрчлэх ажгуу.
Евразийн уудам орон зайд тогтоосон «Монголын их амгалан» үзэл баримтлалын уг чанар нь хуулийг бүхнээс дээгүүр тавьж, шашныг нэг газар дор нэгтгэн зангидаж, хүлцэх, хүндлэх, шүтэж бишрэх эрх чөлөөг бүх талаар хөхиүлэн дэмжиж, үзэл суртлын сөргөлдөөнгүй, энх тайвнаар зэрэгцэн орших дор амар түвшин аж төрөх явдал байжээ.
К.Маркс «XVIII зууны дипломатын түүхийн нууц» бүтээлдээ бичихдээ: “Энэ талхидал зүгээр нэг дарлал байсангүй, тэд ард түмний сэтгэл зүрхийг гутаан доромжилж, сүйтгэн хохироож байв...татаарууд үгүйрэл хоосрол, нийтийг хамарсан аллагыг ердийн үзэгдэл болгосон зохион байгуулалттай алан хядах дэглэм тогтоосон” гээд монголчуудыг “аж төрөх цэрэг ёсны үр дүнд хагас иргэншсэн ард түмэн” гэж нэрлэсэн юм.
Зөвлөлтийн болон өрнөдийн түүхзүйд ноёрхсон гаж үнэлэлт, дүгнэлтийг нэрт түүхч, доктор Л.Н.Гумилёв олон арван жилийн түүхийн судалгааныхаа үр дүнд залруулсан билээ. “Монгол-татаарууд догшин ширүүн дайсантайгаа ердөө л илүү гарамгай байлдсан хэрэг. Ингэлээ гэж тэднийг ХХ зууны өндөрлөгөөс зэмлэх нь шинжлэх ухаанд харш гэдэг нь өнөөдөр ойлгомжтой...Хүчгүй нь хүчтэйгээ ялж байсны шалтгааныг тодруулах нь хавьгүй чухал. Угсаатны ямар ч системийг хөдөлж байгаа биетэй адилтгаж болох бөгөөд түүний хөдөлгөөний шинжийг цул (хүний тоо), хүч (эрчим хүчний хуримтлал), бүрэлдэхүүн (системийн доторх элементүүдийн зохицол) гэсэн гурван хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Энэ утгаар нь авч үзвэл XIII зууны монголчууд ид өрнөлтийнхөө үед байсан залуу угсаатан байсанд тэдний амжилтын нууц оршино. Энэ нь мэдэгдэж байгаа бүх баримтад харшлахгүй...” гэж тэрбээр үзсэн юм. Олон ханлиг аймгууд өөр хоорондоо уулгалан довтлох, бусад улс гүрэн лугаа дайтах зэрэг нь залуу угсаатнуудын өөрсдийн амьдрах орчин, аюулгүй байдлаа хамгаалах байгалиас заяасан зөн совин бөгөөд үүнийг химийн урвалтай харьцуулж болох агаад жишээ нь хөх өнгийн бодис дээр шар өнгийн бодис холиход ногоон болохтой адил тэдгээр нь аяндаа явагдаж буй байгалийн үйл явц, үүний буруутанг олох боломжгүй хэмээжээ. Доктор Л.Н.Гумилёв түүхийг үзэх үзэл, судалгааны аргазүйд шинэчлэл хийж, үндэстэн үүсэж бүрэлдэн хүчирхэгжихэд угсаатны үйл явц буюу популяц, угсаа гарвал буюу этногенез, эрчим хүч, хэмнэл буюу биоритм, амь мандал буюу биосфер, түүхэн газарзүй чухал болохыг онцлон тэмдэглээд түүхийг нийгмийн болон байгалийн шинжлэлийн талаас нь хамтад нь цогц авч судлахын чухлыг тэмдэглэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы хүндэт индэр дээрээс үг хэлэхдээ: өнгөрсөн түүхийн алдаа онооноос сургамж авч, энэ цагийн хүндрэлтэй үед харилцан итгэлцэл, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энхтайванч хандлага, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэж, Евразийн бүс нутагт тогтсон “Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энхтайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг онцлон сонордуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: “НҮБ-ын анхлан тунхагласан эрхэм зорилго бүрэн хэрэгжиж чадсан эсэхийг нухацтай эргэцүүлэн бодож, найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн, Пакс Глобалика буюу “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө бүх гишүүн улс орон хамтран зүтгэцгээе” хэмээн уриалав.
Энэ талаар НҮБ-ын хэвлэл, мэдээллийн албан ёсны цахим хуудсанд тэмдэглэхдээ, “Pax Globalica” буюу “Дэлхийн их амар амгалан” нь дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааг илэрхийлсэн үзэл баримтлал юм.
Өмнөх “Pax” буюу “энхийн эрин”-үүд нэг гүрний давамгайлал дор хэрэгжиж байсан бол “Pax Globalica” нь НҮБ зэрэг олон талт байгууллагуудаар дамжуулан бүх улс орны хамтын хүчин чармайлтаар буй болох дэлхийн энх тайвны шинэ загвар юм.
“Pax Globalica” нь одоогоор өргөн хэрэглэгддэг геополитикийн ойлголт биш бөгөөд харин дэлхийн шинэ дэг журам тогтоох үзэл санаа юм. Энэ ойлголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэвшүүлж, Монголын түүхтэй холбон тайлбарлав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн үеэр “Pax Mongolica”-гийн өв, сургамжийг дурдан, НҮБ-ын гишүүн бүх улс орнууд XXI зууны “Pax Globalica”-г хамтдаа бүтээхийг уриалсан гэж тэмдэглэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж, олон улсын энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэх болно гэж эцэст нь онцолжээ.
АНУ-ын нэрт геополитикч Зб.Бжезинский “Шатрын их хөлөгөн” хэмээх дэлхийн геополитикийн түүхийн тухай өгүүлсэн нэн дорвилог бүтээлдээ: “Түүхийн тавцанд Монголын эзэнт гүрэн л өнөөгийн АНУ-тай эн зэрэгцэж байна” хэмээн бичсэн нь буй.
АНУ-ын The Washington Post сонин 1995 оны арванхоёрдугаар сарын 31-нд сүүлчийн хоёр дахь мянганы “нэн чухал түүхэн хүн”-ээр Чингис хааныг тодруулсан билээ.
2005 оны арваннэгдүгээр сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар тусгай чуулган Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний дэлхий дахины хөтөлбөр хэмээх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2001 оны арваннэгдүгээр сарын 9-нд баталсан 56/6 тогтоолыг үндэслэн “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа олон улсын Засгийн газрууд тэмдэглэн өнгөрүүлэх тухай тусгай тогтоол”-ыг батлан гаргасан байдаг.
Америкийн судлаач Жек Уэтерфордын туурвисан “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Чингис хаан” бүтээл 2004 онд хэвлэлээс гарсан даруйдаа АНУ-д "The New York Times"-ын best seller ном болсон билээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор хаяа хаяагаа дэрлэн оршсон эсгий туургатан олон монгол ханлиг, аймгуудыг өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэр дор нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж, цаашлаад Дорно, Өрнө дахиныг нэгэн засаг төрийн мэдэл дор илбэн тохинуулж, Монголын их амар амгалан хэмээх дэлхийн дэг журмыг цогцлоосон Их эзэн богд Чингис хаан, алтан ургийнхны хатуу, зөөлөн хүчний бодлого, дипломатын түүхийг судлахын учир нь өнөө туршлага хийгээд сургамжтай бөлгөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!