Сүүлийн 20 орчим жил “Социализмын төлөө Хөдөлгөөн” намаар удирдуулсан Өмнөд Америкийн Боливи улсын шинэ ерөнхийлөгч Бямба гарагт тангараг өргөжээ.
Харин энэ удаа хувийн хэвшлийг дэмжигч консерватив үзэлтэн, 58 настай Родриго Паз ерөнхийлөгч болсон нь Боливийн эдийн засагт эргэлт авчирч болзошгүй байна.
Тэрбээр өнгөрсөн сард болсон сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялалт байгуулсан юм.
Популист ерөнхийлөгч асан Эво Моралесын үүсгэн байгуулсан “Социализмын төлөө Хөдөлгөөн” намын засаглалын үед тус улсын байгалийн хийн экспорт унаж, төсвийн зардал нэмэгдэж, валютын ханшийг хүчээр барьж байсны улмаас эдийн засаг нь ноцтой хямраад байгаа.
Тиймээс Пазын хувьд Боливийг сүүлийн 40 жилийн түүхэнд тохиолдоогүй том эдийн засгийн хямралаас гаргах хэцүү даалгавар хүлээж байна.
Одоо тус улсад инфляц 20 гаруй хувьтай, түлш шатахуун болон гадаад валютын нөөц ноцтой хэмжээнд хүртэл хомсдоод байгаа.
Өмнөх засгийн газар бензин, дизель түлшний өндөр татаасыг хэрэгжүүлэхийн тулд Боливийн валютын нөөцийг бараг шавхсан юм.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Христийн Ардчилсан Намын нэр дэвшигч Паз эдийн засгийн төвлөрлийг сааруулах, татварыг бууруулах, санхүүгийн сахилга батыг тогтоох аргаар эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээ амлаж, “капитализмыг бүх хүнд” уриаг дэвшүүлж байлаа.
“Бүтэшгүй үзэл сурталд хүлэгдсэн, дэлхийгээс тусгаарлагдсан Боливи улс гэж дахин хэзээ ч байхгүй болно” гэж Паз тангараг өргөх ёслолын үеэрээ мэдэгджээ.
Тэр бас Моралесын 2008 онд хөөж гаргасан АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны төлөөлөгчийг буцааж авчрах зэргээр аюулаас хамгаалах салбарт олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахаа амласан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!