Уншиж байна ...

Молдовын засгийн газар тус улс дахь Оросын соёлын төвийг татан буулгах хуулийн төсөл боловсруулжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Молдова улсын засгийн газар өчигдөр буюу Лхагва гарагт тус улс дахь ОХУ-ын соёлын төвтэй холбоотой 1998 оны гэрээг цуцлах хуулийн төслийг боловсруулснаа танилцуулжээ.

Оросын байлдааны дронууд агаарын орон зайд нь нэвтэрсэн үйл явдлын дараа энэ оны хоёрдугаар сард Молдовын гадаад хэргийн яам 2009 онд Кишинёв хотод нээгдсэн Оросын Соёл, Шинжлэх Ухааны Төвийг хаах үйл явц эхэлснийг зарлаж байв.

Уг төв нь ОХУ-ын засгийн газрын соёлын гадаад харилцааны агентлаг Россотрудничество байгууллагаас санхүүждэг.

“Оросын соёлын төв бол соёлын төв биш, Молдовын тусгаар тогтнолд хохирол учруулах үйл ажиллагаа явуулдаг байгууллага болсон” гэж тус улсын соёлын сайд Кристиан Жардан хуулийн төслийг танилцуулах үеэр мэдэгджээ.

Европын гэр бүлд нэгдэх үзэл баримтлалтай ерөнхийлөгч Майя Сандугийн засгийн газар 2.6 сая хүн амтай Молдовын нийгэмд тогтворгүй байдал үүсгэх үйл ажиллагаа явуулдаг гэж Орос улсыг байнга буруутгадаг.

2022 онд Украины дайн эхэлсний дараа тус улс Европын Холбоонд гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ гаргаж байв.

Соёлын төвийн үйл ажиллагааг хориглох хуулийн төслийг удахгүй Молдовын парламентад өргөн барих юм байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дээрх шийдвэрийн талаар “Молдовын эрх баригчид манай улстай холбоотой бүх зүйлийг үгүйсгэж, хүн амынхаа ихэнх хэсэгт биш юм гэхэд тодорхой хэсэгт хор хөнөөл учруулж байна. Бид үүнд зөвхөн харамсал илэрхийлж чадахаар байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP