Уншиж байна ...

АНУ-ын хамгийн том хот түүхэндээ анх удаа муслим захирагчтай боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Нью-Йорк хотын захирагчийн сонгуулийн үр дүн гарахад 34 настай Зохран Мамдани ялсан нь тодорхой болжээ.

Угандад мэндэлсэн Мамдани нь Ардчилсан Намын нэр дэвшигч бөгөөд энэ сонгуульд Нью-Йорк мужийн захирагч асан, бие даан нэр дэвшигч Эндрю Куомо, Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Куртис Сильва нартай өрсөлдсөн юм.

Өөрийгөө ардчилсан социалист үзэлтэй гэдэг Мамдани тус хотын түүхэнд анхны муслим, анхны Өмнөд Азиас гаралтай захирагч болж байна. Бас сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд төрсөн хамгийн залуу захирагч болжээ.

Түүний сонгуулийн гол амлалт нь өндөр орлоготой хүмүүс, аж ахуйн нэгжүүдээс авах шинэ татварын эх үүсвэрээр нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэх байлаа.

Хэдхэн сарын өмнө сонгуулийн кампанит ажил нь идэвхжих хүртэл Мамдани харьцангуй олны танил биш, Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллагын жирийн нэг гишүүн байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн хоногийн өмнө “коммунист” Мамдани сонгогдвол Нью-Йорк хотод холбооны засгийн газраас олгодог санхүүжилтийг зогсоохоор сүрдүүлж байлаа.

Тиймээс тэр $116 тэрбумын төсөвтэй АНУ-ын хамгийн том хотод мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ Трамптай хэрхэн ойлголцох нь тодорхойгүй байна.

Мамданийн мөрийн хөтөлбөр өрсөлдөгчдөөс нь гадна Ардчилсан Намын зарим төвийг сахигчдад таалагдаагүй тул намаасаа дэмжлэг авч чадах эсэх ч тодорхойгүй байгаа юм.

 

Эх сурвалж: BBC