Чили улсын засгийн газар Пиночетын дэглэмийн үеийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог цэргийн тусгай шоронгоо нийтийн шорон болгон өөрчлөх шийдвэрийг өчигдөр зарлажээ.
Энэ нь нийт шоронгийн системийн хэт ачааллыг багасгах зорилготой шийдвэр болохыг Чилийн ерөнхийлөгч Габриэл Борич тайлбарласан байна.
Пунта Пеуко бол теннисийн талбай, мах шарах байгууламж, номын сан, телевиз зэргээр тоноглогдсон тусгай шорон юм.
Энд 1973-аас 1990 он хүртэл Чилид тогтож байсан генерал Августо Пиночетын цэргийн дэглэмийн үед хүний эрх зөрчсөн гэмт хэрэгтнүүд хоригддог.
Одоо Пунта Пеукод дунджаар 80 орчим настай 141 эрэгтэй хоригдож байгаагийн ихэнх нь Пиночетын тагнуулын болон нууц цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд юм.
Тэдний дунд хүний эрхийн эсрэг гэмт хэрэгтээ нийт 1,000 гаруй жилийн хорих ял эдэлж байгаа Мигуэл Краснофф гэгч бий.
“Үнэндээ Чилид ийм тусгай шорон байх нь шударга ёсонд нийцэхгүй. Өнөөдрөөс эхлээд Чили улсад нэгдүгээр, хоёрдугаар зэрэглэлийн шорон гэж байхгүй боллоо. Энэ бол Чилийг илүү ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улс болгох чиглэлд гарч буй алхам юм” гэж ерөнхийлөгч Борич мэдэгджээ.
Пунта Пеукогийн хоригдлуудыг нүүлгэх эсэх, эсвэл бусад хоригдлуудтай нийлүүлэх эсэх талаар тодруулгад шоронгийн эрх баригчид тайлбар өгөөгүй байна.
Пиночетын үеийн гэмт хэрэгтнүүдийг суллах санаа өмнө нь цухуйлгаж байсан хэт барууны намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хосе Антонио Каст дээрх шийдвэрийг ширүүн шүүмжилжээ.
Харин коммунист намын нэр дэвшигч Жанетт Хара шийдвэрийг талархан хүлээж авч буйгаа мэдэгдсэн байна.
Тэд хоёул арваннэгдүгээр сарын 16-ны өдөр санал хураалт нь болох Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа юм.
Пунта Пеука шоронг 1995 онд Пиночетын дэглэмийн тагнуулын албаны захирал асан генерал Мануэл Контрерас, 1976 онд Вашингтон хотод Чилийн гадаад хэргийн сайд асан Орландо Летелиерийн амийг хорлох ажиллагааг зохион байгуулсан гэгддэг генерал Педро Эспиноза нарыг хорих зорилгоор нээж байжээ.
Өнгөрсөн хугацаанд Пунта Пеукаг хаах оролдлого хэд хэдэн удаа гарч байв.
Ерөнхийлөгч асан Мишел Бачелет 2018 оны гуравдугаар сард хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас хэдхэн цагийн өмнө уг шоронг хаах зарлиг гаргасан ч түүний хууль зүйн сайд хэрэгжүүлж амжаагүй юм.
Ерөнхийлөгч Борич өчигдрийн мэдэгдэлдээ Пунта Пеукагийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх ажил хэдийнээ эхэлснийг дурдсан байна.
Нэр нь "Тилтил засан хүмүүжүүлэх газар" болж өөрчлөгдөх шинэ шоронд ирэх оны эхнээс шинэ хоригдлуудыг байрлуулж эхлэх гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!