ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хонконгийн “Туслах дүрийн хаан” гэгддэг жүжигчин Бенц Хуй 76 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Тавь гаруй жилийн турш кино урлагт гаргасан хичээл зүтгэлээрээ “Туслах дүрийн хаан” өргөмжлөлтэй болсон Хонконгийн ахмад жүжигчин Бенц Хуй 76 насандаа таалал төгсжээ.

Түүнийг хорт хавдартай холбоотой хүндрэлийн улмаас өчигдөр өглөө Хонконгийн нэг эмнэлэгт нас барсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хуй Шиу Хун гэдэг жинхэнэ нэртэй тэрбээр Хонконгийн А зэрэглэлийн жүжигчдийн тоонд багтдаггүй ч нийтдээ 200 гаруй дэлгэцийн бүтээлийн туслах дүрд тогложээ.

Түүний бүтээсэн дүрүүдийн дотор цагдаа, дээрэмчнээс эхлээд хайр татам авга ахын дүр ч бий.

Хамгийн алдартай дүр нь 2002 оны “Love Undercover” киноны цагдаагийн дарга гэдэг. 2014 оны нэг кинонд мафийн боссын дүрийг бүтээсэн нь бас алдаршиж байжээ.

Тэрбээр урлагт амжилт олсон цагаасаа эхлээд ажилдаа үргэлж Мерседес Бенц машинаар ирдэг болсон тул “Бенц Хуй” хэмээх хочтой болсон юм байна.

Түүний урлагийн замнал Хонконгийн киноны алтан үе гэгддэг 1970-аад оноос эхэлсэн юм.

Гэхдээ үзэгчид түүний гэр бүл, удам судрын талаар сайн мэддэггүй.

Хэвлэлүүдэд мэдээлснээр Бенц Хуй нь Хятадын давсны маш баян худалдаачны үр удам юм байна. Бас нэг өвөг дээдэс нь Манж Чин гүрний алдарт хатан хаан Цышигийн ордонд сайдын албан тушаал хашиж байжээ.

Гэр бүлийн өөр нэг гишүүн нь Хятадын орчин үеийн утга зохиолын эцэг гэгддэг зохиолч Лү Шүний гэргий байсан гэдэг.

Нэг удаа сэтгүүлч түүнээс эдгээр удам судар, хэлхээ холбооных нь талаар асуухад “Мод бүр үхсэн салаа мөчиртэй, том гэр бүл бүр гуйлгачинтай байдаг шүү дээ. Би үхсэн мөчир, гуйлгачин нь байх. Учир нь би тэдэн шиг аугаа биш” гэж хариулж байв.

Хуй эхнэр, нэг охинтой хүн байжээ.

 

Эх сурвалж: BBC