Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Гүржийн үндэсний бөхөөр дэлхийн дэд аварга боллоо
Гүрж улсын үндэсний бөх болох Чидаоба бөхийн 2025 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр анх удаа оролцож, мөнгөн медаль хүртсэн талаар Монголын Жүдо Бөхийн Холбоо (МЖБХ)-ны нарийн бичгийн дарга Б.Батгэрэл өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.
Өдгөө 31 настай Ө.Дүүрэнбаяр нь жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нэгэн.
Тэрбээр энэ тэмцээнд
• 1-р тойрогт Италийн бөхийг цэвэр ялсан,
• 2-р тойрогт Туркменистаны бөхийг цэвэр ялсан,
• 3-р тойрогт Латвийн бөхийг 2 онооны илт давуугаар ялсан,
• 4-р тойрогт АНУ-ын бөхийг 4 оноогоор ялсан,
• 5-р тойрогт нутаг нэгт ОУХМ Х.Цогтгэрэлийг 1 оноогоор ялсан,
• 6-р тойрог буюу зооны аваргын төлөө Узбекстаны бөхийг нэмэлт цагт 2 оноо авч ялснаар финалд шалгарсан юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд тэрбээр нутгийн хүчтэн, Гүржийн бөхтэй тун өрсөлдөөнтэй барилдаж 1 онооны зөрүүтэйгээр ялагдан, дэлхийн дэд аварга болжээ.
Гүржийн үндэсний бөхийг чидаоба гэдэг. Энэ бөхийн төрөл нь өнөөгийн чөлөөт бөх, самбо бөхийн хөгжилд гол нөлөө үзүүлсэн спорт ч гэж үздэг юм.
Бөхчүүд нь тусгай бүс, өмдтэй барилддаг бөгөөд 2018 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлжээ.
Дүрмийн хувьд нэгнээ унагаах болон тэнцвэр алдуулах зорилготой. Харин өчих, боох зэрэг мэх хийхийг хориглодог аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
