Энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын 20 орчим цэрэг хэсэгхэн хугацаанд хил даваад анхааруулан буудсаны дараа буцсаныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний нэгдсэн штабын газар өчигдөр мэдээлжээ.
Аравдугаар сарын 19-ний өдөр нийслэл Сөүл хотоос баруун хойд зүгт оршдог Пажу боомт хотын ойролцоо хилийн хэсэгт ийм зөрчил гарсан юм байна.
Цэргүүдийн шилжилт хөдөлгөөнийг ажиглаж байсан Өмнөд Солонгосын хилийн цэргүүд эхлээд хэд хэдэн удаа чанга яригчаар анхааруулсан ч зогсоогүй тул хий буудаж анхааруулсан гэнэ.
Үүний дараа Умард Солонгосын цэргүүд ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүйгээр ухарчээ.
Зарим нь зэвсэглэсэн байсан эдгээр цэргүүдийг хилийн бүсэд газар цэвэрлэх, эсвэл мина суурилуулах зэрэг ажил гүйцэтгэж байхдаа түр хил давсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа Өмнөд Солонгосын тал тайлбарласан байна.
Энэ өдөр Умард Солонгосын нэг цэрэг Ганвон мужийн Чорвон хотын ойролцоо хилээр Өмнөд Солонгост суурьших зорилготой дүрвэж ирээд саатуулагдсан юм.
Энэ нь ерөнхийлөгч И Жэ Мюнийг тангараг өргөснөөс хойш Умард Солонгосын иргэн хил давж ирсэн анхны тохиолдол болжээ.
Дээрх хоёр тохиолдол цаг хугацаа, байршлын хувьд зөрүүтэй тул хоорондоо хамааралгүй гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байгаа юм байна.
“Манай зэвсэгт хүчин Умард Солонгосын цэргүүдийн үйл ажиллагааг анхааралтай хянаж, үйл ажиллагааны дүрэм журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авдаг” гэж тус улсын армийн төлөөлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!