Энэтхэгийн Бхубанешвар хотод ширээний теннисийн багийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 11-нээс 15-ныг дуустал үргэлжилж байна.
Өмнө нь ганцаарчилсан төрөлтэй хамт зохион байгуулдаг байсан бол энэ удаад зөвхөн багийн төрлөөр аваргаа тодруулсан тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ирэх онд Лондонд болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрхээ авлаа.
Шар тивээс 16 улс Лондонд өрсөлдөх эрх авах учиртай. Манай улсын эрэгтэй шигшээ баг Иран, Мальдивын багтай нэг хэсэгт орсон юм.
Эрчүүд Иранд 0:3-аар дийлдсэн ч Мальдивыг 3:1-ээр буулган авснаар 12-16 дугаар байрны төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
Улмаар Малайзын багт 0:3-аар хожигдсон ч Узбекистаны шигшээ багийг 3:2-оор буулган авснаар ААШТ-д 14 дүгээр байр эзэлжээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ, Хонконгийн баг аваргын төлөө шалгарч үлдсэн бол Япон, Хятадын Тайпэй хүрэл медаль зүүлээ.
Эмэгтэй баг хэсэгтээ Тайланд, Шри Ланкад тус бүр 0:3-аар дийлдээд Балбыг 3:2, Узбекистаны багийг 3:0-ээр илүүрхсэнээр 15 дугаар байр эзэлснээр Лондонг зорих "тийзээ" авлаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй Япон, БНХАУ-ын баг шигшээд өрсөлдөхөөр тунаж үлдсэн бол БНСУ, Сингапурын баг хүрэл медаль хүртлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!