Монгол-Энэтхэгийн харилцаа: Оюун санааны хөршөөс Стратегийн түнш хүртэл - II
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор. Д.Уламбаярын өгүүллийг хүргэж байна.
Үргэлжлэл. Өмнөхийг энд дарж уншина уу.
1990-ээд оны эхнээс Монгол Улсын гадаад бодлогод «гуравдагч хөрш», «гуравдагч хөрш»-ийн бодлогын үзэл санаа буй болж, эдүгээ тухайлсан төрийн бодлого хийгээд онол-практикийн түвшний судалгааны шинэ чиглэл болов. БНЭУ нь оюун санааны хөршөөс гадна Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.5-д “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ”, Гадаад бодлогын үзэл баримтлалын 14.2-т “АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр заасан билээ. Энэтхэг Улс эдүгээ эрчимтэй хөгжиж буй, дэлхийн эдийн засагт 4-т эрэмбэлэгдэж буй, олон зуун намын системээр, олон сая сонгогчдын оролцоотой сонгууль явуулдаг ардчилсан улс юм.
Монгол Улсын оюун санааны хөрш болох БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т байрлах Алтанширээ сумын нутагт баригдаж буй Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр 2027-2028 онд ашиглалтад орж ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж буй, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж буй нэн чухал төсөл билээ. Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахал, тээвэр ложистик болон бараа материалын үнийн өсөлт, технологийн шийдэл, тээвэрлэлтийн асуудлуудтай холбогдон төслийн зардал өсөж 462.2 сая ам.доллароор нэмэгдсэн асуудлыг 2025 оны нэгдүгээр сард УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн.
Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар түүхэндээ анх удаа айлчилсан нь хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, харилцааны цар хүрээг тэлэхэд томоохон түлхэц болов. Айлчлалын үеэр талууд Монгол, Энэтхэгийн харилцааг худалдаа, эдийн засгийн салбарт чанарын шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхээр тохиролцож, Энэтхэгийн тал Монгол Улсад 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр шийдвэрлэсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон.
Энэтхэг Улс эдүгээ эрчимтэй хөгжиж буй, гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь нь хэлбэрэлтгүй өсөн нэмэгдэж, гадаад улс орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь өргөжсөөр байна. Энэ хүрээнд хөгжиж буй улс орнуудад зээл, тусламж олгох явдал ч нэмэгдсээр байгаа ажээ. Энэтхэг Улсын энэхүү бодлого, дэмжлэгт Монгол Улс тэргүүн эгнээнд хамрагдаж, эдүгээ Монгол, Энэтхэгийн эдийн засгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон мега төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахад зориулахаар 2017 оны дөрөвдүгээр сард төслийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгуулагдан 2018 оноос үйл ажиллагаагаа эхэлж, төслийн ажил 2019 онд эхэлжээ. Төслийн гүйцэтгэгчээр газрын тос, байгалийн хий, нефть-химийн техник технологийн чиглэлээр дэлхийн олон улс оронд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай Энэтхэгийн “Engineers India Limited” компани шалгаран ажиллаж байна.
- 2025 оны наймдугаар сарын байдлаар үйлдвэрийн суурь бүтцийн ажил бүрэн дуусжээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17.5 км авто замыг 2019 оны арваннэгдүгээр сард Улсын комисс хүлээн авчээ.
- “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн гүйцэтгэлээр дуусгасан 27 км төмөр замыг (3.7 км холбоос зам, төмөр бетон гүүр, туннель) 2019 оны аравдугаар сарын 8-нд Улсын комисс хүлээн авчээ.
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэлээр 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах 18 км шугам, дэд станцыг барьж дуусган, 2020 оны долоодугаар сарын 8-нд Улсын комисс хүлээн авчээ.
Дээрх гурван том бүтээн байгуулалт, үйлдвэрийн талбайн газар тэгшлэх ажилд Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлээр 130 тэрбум төгрөг гаргажээ.
Монгол Улс 2010 оноос албан ёсоор газрын тос олборлогч орон болсон юм. АМГТГ-д албан ёсоор бүртгэгдсэн мэдээллээр Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т орж буй бөгөөд 332.64 сая тонн нөөцтэй, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая тонн гэсэн тооцоо гарсан байдаг. “Петрочайна Дачин тамсаг” компани 9 сая тонн орчмыг ашиглаж, үлдсэн нөөцийн хэмжээгээр цаашид 20 жил ашиглах баталгаат нөөц үлдсэн гэж тооцоолжээ.
Монгол Улс жил бүр 1 сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог ч, шатахууны хэрэглээнд жилдээ 1.2-1.8 тэрбум орчим ам.доллароор эргүүлээд худалдан авалт хийдэг. Өөрөөр хэлбэл, түүхий тосоо өмнөд хөрш рүүгээ гаргачхаад, эргээд өндөр өртгөөр худалдан авалт хийдэг байдал олон жил үргэлжилж ирсэн билээ. Тиймээс Монгол Улсын хувьд зөвхөн нэг жилд л экспортолдог 2 сая тонн шатахууны өртгөөр) боловсруулах үйлдвэрээ барих боломж бүрдээд байгаа юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр урьдчилсан тооцооллоор 2027 оны II хагаст ашиглалтад орсноор жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулж, чингэснээр жилд 28 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, Евро-4, 5 стандартын 396 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн нисэх онгоцны түлш, 17 мянган тонн зуухны түлш мазут үйлдвэрлэх ажээ. Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг 1.8 тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ. Энэ хэрээр валютын ханш тогтворжиж, ДНБ 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөж, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан 30 гаруй төрлийн үйлдвэр хөгжих ажээ.
Түүхий тосоо өөрсдөө боловсруулснаар хамгийн гол нь гадаад зах зээлээс үл хамаарах, эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Мэдээж үнийн хувьд мэдэгдэхүйц хямд байх нь тодорхой.
Өөрөөр хэлбэл Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 60 орчим хувийг хангах боломж бүрдэх ажээ.
2018 оны зургаадугаар сард Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх Монгол Улсад айлчлан ирж, биечлэн оролцсон юм.
УИХ-ын нэгдсэн чуулган 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Энэтхэг улстай хамтран Дорноговь аймгийн Алтанширээ сумд байгуулах газрын тосны үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөсөн төслийг баталжээ. Монголчууд 2020-2024 онд ОХУ-аас жилд дунджаар 1.9-2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авч мөн хугацаанд жилд дунджаар 1-1.8 тэрбум ам.доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлж байжээ.
“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн мэдээлснээр “Монгол орны газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээ, олборлолтын өнөөгийн түвшингээс харахад боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах боломжтой хэмжээнд хүрчээ. Монгол Улс жил бүр 1-1.2 сая тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолж байгаа бөгөөд олборлолтын хэмжээ 2021 он гэхэд 1.6 сая тоннд хүрч, 2040 он хүртэл энэ түвшин хадгалагдах төлөвтэй байгаа тухай 2022 онд тэмдэглэж байжээ.
Үйлдвэрийн усан хангамжийг Алтанширээ сумаас 40 орчим км-ын зайтай Бор Хөөврийн говийн гүний цэнгэг усны ордоос (өртөг 30 орчим сая ам. доллар) татах ажээ.
Үйлдвэрийн гаднах дээд бүтцэд Монголын Засгийн газраас ойролцоогоор 90 сая ам. доллар гаргаж байгаа ажээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь “Сайншандын Аж үйлдвэрийн парк”-ийн талбайд байршиж байгаагаараа онцлог давуу талтай.
Шинэ техник, технологи, know-how нэвтэрч, нефть-химийн аж үйлдвэрийн суурь тавигдах, ажлын байр бий болох, энэ чиглэлийн хүний нөөц бүрдүүлэх зэрэг олон ахиц дэвшил гарч байна. Энэтхэгийн Засгийн газар ITEC хөтөлбөрийнхөө хүрээнд монголын инженерүүдийг бэлтгэж өгөхөөр тохиролцсон билээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл шинэ шатанд гарч, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал баталгаажих юм.
2020 оны УИХ-ын намрын отгон чуулган Засгийн газрын өргөн барьсан “Газрын тосны үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг 2021 оны нэгдүгээр сард эцэслэн баталжээ. Дотоодын түүхий эдийн нөөцөд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзжээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын стандарт, дүрэм журмыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, төрөөс олгох дэмжлэгийг тодорхойлох, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
“Петро Чайна Дачин Тамсаг” компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш буюу 2005 оноос хойш 2020 хүртэл 7.5 сая тонн газрын тос олборложээ. “Петро Чайна Дачин Тамсаг” компани олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурч байгаа ч тус компани газрын тосоо боловсруулж, шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмэгдүүлж, шинээр байгуулагдах үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэж үзжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрт Дорнод аймгийн Тамсагийн сав газар дахь хоёр ордын тосыг 50:50 хувиар хольж боловсруулах бөгөөд түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэх ажээ.
Дорнод аймгийн Тамсагийн газрын тосны олборлолтын талбайгаас Дорноговь аймгийн Алтайширээ суманд баригдаж буй боловсруулах үйлдвэр хүртэлх ойролцоогоор 3 аймгийн 9 сумыг дамжин баригдах 530 км газрын тос дамжуулах хоолой барих ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “China North Industries Corporation (NORINCO)” шалгарч, 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд Монголын Засгийн газартай “Хамтран ажиллах Ерөнхий Гэрээ”-нд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой үйл болов. Дөч гаруй жилийн түүхтэй тус корпорац өмнө нь хоолой барьж байсан туршлагатай, Засгийн газрын баталгаа шаардахгүй, төлбөрөө нүүрсээр авах боломжтой гэсэн таатай нөхцөл тавьсан байна. NORINCO International Cooperation компани түүхий тос дамжуулах хоолойг гурван жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барьж гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажилд шаардлагатай 388 сая ам.долларын санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ.
Монгол, Энэтхэг хоёр Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд юм. 2013 оны аравдугаар сарын 25-26-нд БНСУ-ын Инчонь хотноо болсон Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн Байнгын хорооны 42 дахь хуралдаанаар Монгол Улсыг тус хэлэлцээрт нэгдсэн 7 дахь улсаар батламжилсан байна. Бангладеш, БНЭУ, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, БНСУ, Шри-Ланк, БНХАУ тус хэлэлцээрийн гишүүд ба улс орнууд бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон Энэтхэг, Хятад болон БНСУ-ын зах зээлд хөнгөлөлтэй нөхцөлөөр худалдаа хийх бололцоог зохицуулах зорилгоор уг хэлэлцээрийг анх байгуулж байжээ. АНДХХ бүс нутгийн худалдааны зохицуулалт Монгол Улсад үр ашгаа өгнө гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын Ази-Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын Гүйцэтгэх захирал, доктор Ноелин Хейзэр (Noeleen Heyzer) хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин буй болж, Монгол Улсын экспортын бараа, бүтээгдэхүүн хэлэлцээрийн гишүүн Энэтхэг улсаас гадна БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа үед эхний ээлжид хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна. Тиймээс ч дурдсан хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ соёрхон баталсан.
Улмаар 2020 оны есдүгээр сарын 29-нд Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны Гэрээнд албан ёсоор долоо дахь гишүүн болж нэгдэв. Монгол Улс анх удаагаа бүс нутгийн хөгжиж буй орнуудын худалдааны гэрээнд нэгдсэн нь энэ үйл явц юм.
“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэлэлцээр ёсоор БНЭУ 3,253 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 10-100 хувийн тарифын хөнгөлөлтийг хэлэлцээрт нэгдсэн гишүүн улсуудад үзүүлж эхлэв.
БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч ажлын баг байгуулжээ. Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээврийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ элчин сайдад илэрхийлж, цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байгааг тэмдэглэв. 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан юм.
Монгол Улс Владивосток, Тяньжин боомтоор далайд гарцтай болох эрхзүйн үндэс нэгэнт тавигдаж, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тухай захирамжид 2021 оны нэгдүгээр сард гарын үсэг зурсан нь хойд хөрш төдийгүй “гуравдагч хөрш”-үүдтэй худалдааны харилцаагаа өргөжүүлэх, Монгол Улсын далайд гарах шинэ ложистикийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Энэтхэгийн Засгийн газар Монголын коксжих нүүрсний чанарын шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг элчин сайд М.П.Сингх албан ёсоор илэрхийлж байсан бөгөөд Энэтхэг улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагааны хэлэлцээртэй учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй хэмээн тооцож байгаагаа уламжилж байсан юм.
Энэтхэг 2025 он гэхэд коксжих нүүрсний хэрэглээг 80 сая тонн хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа энэ хурлын үер онцолж байсан бөгөөд тус улсын эдийн засаг, бүтээн байгуулалт өсөхийн хэрээр коксжих нүүрсний хэрэглээгээ дотоодоосоо хангах боломжгүй. Учир нь нүүрсний нөөц ихтэй ч агуулга нь үнслэг байдал эрдэс ихтэй тул нэлээн хүнд нөхцөлд баяжуулах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын коксын үнслэг байдал арван хувиас ихгүй байдаг бол Энэтхэгийнх 40-50 хүртэл хувь нь үнслэг байдаг байна.
Тиймээс гаднаас коксжих нүүрсээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа ажээ. Австрали, АНУ, Канад, ОХУ-аас авах коксжих нүүрсээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаас авахаа удаа дараа илэрхийлдэг. Энэ хүрээнд 2019 онд хоёр улсын төрийн бус байгууллагууд Санамж бичиг байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр тодотгосон.
“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал тэмдэглэхдээ: “Энэтхэг улс Монголын талаас 30 сая тонн коксжих нүүрс импортоор авах сонирхолтой байдаг. Гэхдээ энэ нь суурь бүтэц, тээврийн зардлаас шалгаална. Өнгөрсөн жил зарим судалгааны байгууллага тээврийн зардлыг тооцсон. Гэхдээ коксжих нүүрсний үнэ өсөлттэй байх үед боломжтой. Үнэ унах тохиолдолд тээврийн зардлаа даахгүй болно. Өөрөөр хэлбэл, ашиг, алдагдлын цикл дээр байна.
Ирээдүйд өсөн нэмэгдэх коксжих нүүрсний хангамжаа найдвартай болгох зорилт тэднийд байна. Манай УУХҮЯ, Энэтхэгтэй хамтарч нэг тонн нүүрсний зардлыг тооцуулахаар явуулсан. Дахин 50 тонныг туршилтад явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хол газар тээвэрлэх учраас чанартай байх нь чухал. Тиймээс баяжуулах зайлшгүй нөхцөл үүсэж байна” гэсэн байна.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал чиглэл нь мэдээллийн технологийн салбар юм. Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр ерөнхий сайд агсан “ Атал Бихари Важпи”-ийн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингийн төвийн байгуулах төслийн ажил 2025 оны наймдугаар сарын байдлаар 70 хувьтай байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны хамгийн том зорилтын нэг нь цахим үндэстэн болох, цахим засаглалыг нэвтрүүлэхэд монгол залуучуудын өрсөлдөх чадвар болох мэдээллийн технологийн хүний нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ төслийн гол зорилго бол Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан төсөл байх болно гэж үзэж байгаа юм.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан ноён М.П.Сингх тухайн үед хэлэхдээ: “Энэхүү санаачилга анх Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ тавигдсан. Тус сургалтын төв баригдсанаар жилд 5000 мэргэжилтэн 16 төрлийн чиглэлээр төгсөх боломжтой болох юм. Энэтхэг-Монголын эдийн засгийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй том төслүүдийн нэг юм. Төв нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн ирээдүйн хөгжилд мэргэжилтнүүдийг бэлтгэхэд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Энэхүү төв нь мэдээллийн технологийн, харилцаа холбооны технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. ШУТИС-ийн дэргэд 2026 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй тус төв 10 давхар байх бөгөөд Монголын мэдээллийн технологийн салбар болон түүний хэрэгцээнд зориулагдан тусгайлан боловсруулсан Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсинг чиглэлээр 16 төрлийн мэргэшсэн сургалтад бэлтгэгдсэн Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжийг бүрдүүлж, 650 гаруй ажлын байрыг шинээр буй болгох юм.
Элчин сайд М.П.Сингхийн тэмдэглэснээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3,000 гаруй монголчууд Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагаа (ITEC)-ийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн үр шимийг хүртэж байгаа бөгөөд жагсаалтад УИХ, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, аймгийн Засаг дарга нар болон дэд сайдын түвшний хэд хэдэн өндөр албан тушаалтнууд багтсан байна.
COVID-19 цар тахлын нэн хүнд үед вакцины анхны тусламжийг 2021 оны хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсаас үзүүлсэн юм. БНЭУ-ын Засгийн газар 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах “Serum Institute” үйлдвэрт бүтээгдсэн Оксфордын АстраЗенека вакциныг Монголын талд бэлэглэв. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П Сингх энэ үеэр хэлсэн үгэндээ: “Энэтхэг Улс “COVID-19”-ийн эсрэг вакциныг бидний “оюун санааны хөрш”, “стратегийн түнш” Монгол Улсад гардуулан өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжид 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш оронд бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” хэмээв. Мөн тэрбээр бэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь Энэтхэг улс туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм.
БНЭУ-д цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн юм. 2021 оны тавдугаар сард цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг УИХ дахь Монгол-Энэтхэгийн Бүлэг санаачлан Together For India уриалга гаргаж, “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулж, уриалгын хүрээнд өрнөсөн хандивын аянд нийт 968 иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон УИХ-ын гишүүдээс 155 сая 641 мянга 720 төгрөг цугларсныг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх бээрт гардуулсан нь монголчуудын сайн санааны илрэл болсон юм.
Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал нь Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийг шинэ эринд улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
