Монгол-Энэтхэгийн харилцаа: Оюун санааны хөршөөс Стратегийн түнш хүртэл - I
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын өгүүллийг хүргэж байна.
Монгол, Энэтхэгийн харилцааны түүх бол хоёр мянганы түүхэн урт хугацааг хамарч, нягт хэлхээ холбоотой хөгжиж өнөөдрийг хүрч ирсэн түүх юм.
Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд агсан, түүхч Анандын Амар бээр 1934 онд хэвлүүлсэн “Монголын товч түүх” хэмээх нэн дорвилог бүтээлдээ Монголчуудын өвөг дээдэс Төвдийн Их Цаст уулын цаанаас ирсэн хэмээн бичсэн юм. Тэрбээр өгүүлэхдээ: Чингис хааны хориод үеийн дээд өвөг болох Бөртэ Чоныг баруун зүгээс ирэв хэмээсэн байх бөгөөд Төвд, Энэтхэг хаадын үр салбар мөн хэмээжээ. Үүнд Бөртэ Чоныг чухам Төвд, Энэтхэгийн хаадын уг угсаа мөн хэмээх бөгөөд Энэтхэг угсаатан гэж хэлдэг нь эрхбиш нэгэн учир шалтгаан байж болох амуй...чинагшид Их Цаст уулыг өнгөрвөл Энэтхэгийн дотор багтсан монгол аймгуудын Их Ху хан гэгч байсан байх бөгөөд түүнд энэтхэг (жагар) орон хийгээд хор, сог хэмээх монгол үндэстэн холилдон байсан... эрт цагт Энэтхэгийн монгол хэмээх язгуураас тасарч тэмээ ачиж, адуу мал юугаан тууж, Цас уулын баруун талаас гарч орон нутаг эгээрсээр энэ зүгт ирэв хэмээдэг хэмээн тэмдэглэсэн...Монгол болбоос Түрүгийн нэгэн төрөл гэдэг бөгөөд бодвол, түрүг ба монгол үндэстэн нь эрт цагт Төвд, Энэтхэгийн умард талаар нутаглаж байсаар, түүнээс зүүн зүгт орж Хүннү хэмээх улс байгуулсан...” хэмээн бичжээ.
Монголын тал нутагт бурханы шашин түгэн дэлгэрсэн цагаас инагш монголчууд Энэтхэгийг Жагарын орон хэмээн нэрийдэж, сайн мэддэг байсан байх бөгөөд Монголын Нууц Товчооны 261, 264 дүгээр зүйлд Энэтхэгийг Индус (Хиндустан), Инд мөрнийг Синду буюу Шинэ мөрөн хэмээн дурьдсан байдаг.
Хожим Чингис хааны залгамжлагчид болох Монголын Баралас аймгаас үүсэлтэй хэмээх Монгулчууд Энэтхэгт иржээ (лалын шашинтнууд Монголыг Могул гэж дууддаг байжээ). Энэтхэгийн 13 дахь Ерөнхий сайд Манмохан Сингх нэгэнтээ: “Энэтхэг дэх Чингис хааны алтан ургийнхны байгуулсан Могулын эзэнт улс нь хоёр орны соёл иргэншлийн гүн бат холбоог илтгэдэг. Энэтхэгчүүд бид хоёр орны соёлын хүрээнд ихээхэн хувь нэмэр оруулсан энэ хоёр соёл иргэншлийн харилцааг ихээхэн чухалчилж үздэг билээ” хэмээн тэмдэглэсэн юм.
Монголчууд Энэтхэг орныг бурхан Будда тодорсон ариун дагшин онгон нутаг гэж хүндэтгэхээс гадна эрдэм мэдлэгийн их өлгий хэмээн үздэг. Өөр хоорондоо алс хол оршдог хоёр ард түмнийг оюун санааны энэхүү нандин хэлхээ холбоо ойртуулан нөхөрлүүлж, хамтран ажиллах үндэс болж иржээ.
Буддын шашнаас гадна соёл, уран зохиол Монголчуудын дунд олон зууныг дамжин дэлгэрсэн байдаг. Энэтхэгээс гүн эхтэй утга зохиолын тэрхүү баялаг уламжлал нь Монгол-Энэтхэгийн соёлын харилцааны үндсэн чиглэлийг тодорхойлж иржээ.
Ганжуур” буюу “Зарлигийн орчуулга” нь 1161 зохиолыг багтаасан 108 боть бөгөөд хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн таньж мэдэж, хэрхэн зөв зам мөрөөр урагшлан оюуны хөгжлийн өндөр дээд түвшинд хүрч болохуйн тухайд номлосон бурхан багшийн хамаг сургаалын чуулган ажээ. Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан нэвтэрхий толь бүтээл нь “Данжуур” буюу “Шашдирын орчуулга” бөгөөд 4000 зохиолыг хамарсан 225 боть бүтээл болой.
Ганжуур, Данжуур нь санскрит, Түвд, Монгол, Хятад, Солонгос зэрэг дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө эх хэл дээр буулгасан бөгөөд Монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулсаар иржээ. Ганжуурыг эх хэлнээ хөрвүүлэн буулгаж судлахын зэрэгцээ алт, мөнгө, зэс тэргүүтэн зэрэг есөн эрдэнээр бүтээсэн орон дэлхийд Монголоос өөр байхгүй бөлгөө.
Ганжуур, Данжуур бол бурхан багшийн хамаг сургаалын эмхэтгэл, цогц ухагдахуун, судлагдахуун ажгуу. Үүнийг бээр хөрвүүлэх нөр их ажлыг монголчууд XVI-XVII зуунд эхлүүлсэн байх бөгөөд Ганжуур их хөлгөн судрыг 1629 онд бүрэн эхээр нь хөрвүүлж дуусчээ. Монголын гүн ухаантан, бичгийн их зохиолч Чойжи-Одсэр бээр нэжгээд олонхыг самгарьд хэлнээс хөрвүүлжээ. Харин Данжуур их хөлгөн судрыг 1742-1749 онд 200 гаруй монголын шилдэг бичгийн их номч мэргэд хөрвүүлж, Бээжинд модон бараар буулган хэвлэсэн байна.
Ертөнцийн долоон гайхамшгийн нэг Энэтхэгийн Агра хотод орших Таж Махал бунханыг Их Могол гүрний эзэн хаан Шах Жахан бээр хайрт хатан Мумтаз Махалынхаа дурсгалд зориулан 1628-1658 онд бариулсан байдаг.
Олон зууныг дамжсан түүх, соёл, оюун санааны гүн холбоо ХХ зууны хоёрдугаар хагастай золгож, Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар, БНХАУ-ын зуучлалтайгаар хэлэлцээ явагдсаны дүнд хоёр улсын хооронд 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд албан ёсны дипломат харилцаа тогтож, эдүгээ төр, засгийн өндөр дээд түвшинд өргөжин хөгжиж 70 жилтэй золгож байна.
Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн анхны гуравдагч ертөнцийн хөгжиж буй орон нь олон зуун жилийн оюун санаа, түүх, соёлын гүн хэлхээ холбоотой БНЭУ болсон юм.
БНЭУ колонийн системээс чөлөөлөгдөж, 1947 оны наймдугаар сард тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад тийм ч удаагүй байсан үед Монгол Улстай дипломат харилцаа тогтоов.
Дипломат харилцаа тогтоосны дараа жил 1956 оны намар болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XI чуулганы Ерөнхий хуралдаанд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч элчин сайд Кришна Менон хэлсэн үгэндээ: “... Монгол Улс өнөөдөр ч байгуулагдсан юм биш, өчигдөр ч байгуулагдсан юм биш. Харин олон зуун жилийн турш бие даан тусгаар тогтносон улс байсаар ирсэн. Тийм ч учраас БНМАУ нь бусад улсуудын нэгэн адил НҮБ-ын гишүүн болох бүрэн эрхтэй” хэмээн онцлон тэмдэглэж байжээ.
1960 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XV чуулганы Ерөнхий хуралдаанд Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру оролцож “Энхтайвны асуудал”-аар үг хэлэхдээ: «Би нэгэн улсыг онцлохыг хүсэж байна. Энэ бол Монгол Улс юм. Бид НҮБ-д ийм олон улсыг элсүүлэх нь зөв гэж үзэж байгаа энэ үед Монгол Улс яагаад үүний гадна үлдэх ёстой юм бэ? Юу нь буруу болсон гэж энэ билээ? НҮБ-ын Дүрмийн юуг нь зөрчсөн гэж тэр билээ. Тэд бол өөрсдийн хөгжил дэвшлийн төлөө шаргуй хөдөлмөрлөж буй амар амгалан, энхтайванч ард түмэн юм. Тиймээс тэднийг энэ гайхамшигт байгууллагаас тусгаарлах нь зарчмын ямар ч үүднээс авч үзсэн миний хувьд туйлын буруу гэж үзэж байна. Энэтхэг нь Монголын талаар сэтгэлийн онцгой хэлхээ холбоотой байдаг, учир нь сайхь улстай бидний харилцаа 1500 гаруй жилийн тэртээгээс холбогдсон байдаг. Өнөөдөр ч гэсэн хоёр улсын хооронд эртний хэлхээ холбоо, найрсаг харилцаа байсан олон нотолгоонууд байсаар байна. Монгол Улс Үндэстнүүдийн Дэлхий дахины Ассамблейд нэгдсэн байхыг би чин зүрхнээсээ санал болгомоор байна» гэжээ.
Монгол, Энэтхэг хоёр улс байгалийн хөршүүд биш хэдий ч, хоёр орныг эрдэмтэн судлаачид оюун санааны хөршүүд хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Энэ баримтлалыг санаачлагч нь Энэтхэгийн төр, нийгмийн зүтгэлтэн др. Каран Сингх болно. Монголын ард түмэн Бурханы шашин, түүний гүн ухаан, зан үйл, соёлыг хамтад нь нутагшуулж авсан билээ.
Монголчуудын хувьд “гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалыг хөгжүүлэн хэрэгжүүлэхэд оюун санааны хөрш Энэтхэг улс чухал байр суурь эзэлдэг. Энэтхэгийн Соёлын олон улсын академийг үндэслэгч др. Рагу Вира бээр Монголд 1955 оны есдүгээр сард зочилж, Монгол, Энэтхэгийн ард түмнийг Дарма буюу номын барилдлагат ахан дүүс хэмээн нэрлэсэн байдаг.
Дипломат харилцаа тогтоосны дараа даруй Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ Энэтхэгийг хавсран ажиллах тухай шийдвэр гарсны дагуу Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Очирбат 1956 оны нэгдүгээр сард Дели хотноо хүрэлцэн очиж БНЭУ-ын Ерөнхийлөгч Ранжендра Прасадад (анхны ерөнхийлөгч Rajendra Prasad 1950-1962 онд ажиллаж байжээ) ИЖБ-ээ барьжээ. Элчин сайд Б.Очирбатыг Дели хотноо очсон өдөр нь Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неру хүлээн авч уулзан баяр хүргэхийн сацуу Энэтхэгийн үндэсний баярт оролцох урилгыг биечлэн гардуулж байжээ.
Ноён Р.К.Неру Энэтхэг улсаас Монгол Улсад суух анхны элчин сайдаар томилогдож, 1956 оны тавдугаар сард АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд ИЖБ-ээ барьжээ.
Хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх, Энэтхэг улс “панча шила” хэмээх энхтайвнаар зэрэгцэн орших алдарт таван зарчмыг үндэслэгчдийн нэг, энхийг эрхэмлэгч бодлого явуулж байгаа төдийгүй, Монгол Улс, монголчуудад сайхан сэтгэлээр ханддаг явдлыг харгалзан социалист бус гуравдагч ертөнцийн орнуудаас анх түрүүнд Дели хотноо ЭСЯ-аа нээхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангах үүднээс I нарийн бичгийн дарга О.Хосбаярыг 1956 оны арваннэгдүгээр сард илгээжээ. Тэрбээр ЭСЯ-ыг нээх бэлтгэл ажлыг богино хугацаанд хэрэгжүүлж, Дели хотноо 1956 оны арванхоёрдугаар сард ЭСЯ-аа нээснээр Монгол Улсын дипломат албаны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн байна.
БНЭУ-д суугаа Элчин сайд эдүгээ Балба, Шри-Ланкаг хавсран суудаг бөгөөд Бангладеш, Маврики, Мальдивын арлуудыг хавсран хариуцдаг.
БНЭУ-д суурин суух Монгол Улсын анхны байнгын Онц бөгөөд Бүрэн элчин сайд П.Шагдарсүрэн 1956 оны арванхоёрдугаар сарын 20-нд Нью-Дели хотноо хүрэлцэн очиж, 1957 оны нэгдүгээр сард Энэтхэгийн Ерөнхийлөгч Ранжендра Прасадад ИЖБ-ээ барьж үүрэгт ажилдаа оржээ.
1970 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо БНЭУ байнгын ЭСЯ-аа нээж, суурин суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Сонам Норбу (Соном Норов) АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд ИЖБ-ээ барьжээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойших хэдхэн жилд Монгол, Энэтхэг хоёр орны хооронд өндөр дээд түвшний харилцан айлчлал зохион байгуулагдаж, энэ нь улмаар уламжлал болон ирсэн түүхтэй билээ. Үүнд БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч доктор С.Радхакришнан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн урилгаар 1957 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь чухал ач холбогдолтой үйл явдал болов. Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид Монгол, Энэтхэгийн эрт, эдүгээгийн харилцаа, холбооны талаар хэлэлцэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх арга замуудын талаар санал бодлоо солилцжээ. Ноён С.Радхакришнанд Монгол Улсад айлчлах үеэр МУИС-ийн хүндэт докторын цол гардуулсан байна.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНЭУ-ын Ерөнхий сайд Жавхарлал Неругийн урилгаар 1959 оны есдүгээр сард Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Энэтхэгийн хооронд энхтайвнаар зэрэгцэн орших таван зарчим panchseel-д суурилсан найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалын үеэр ноён Жавхарлал Нерутай Монгол, Энэтхэгийн улс төр, соёл, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, БНЭУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарт бараалхан хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавхарлал Неругийн охин Индира Ганди Мэдээлэл, харилцаа, холбооны сайд байхдаа 1965 оны долоодугаар сард Монгол Улсад айлчилсан юм. Түүний айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнө эртний түүхэнд тулгуурлахын зэрэгцээ олон улсын чухал асуудлаар ижил, төстэй байр баримталж байгааг харуулсан юм.
1973 оны хоёрдугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНЭУ-д хоёр дахь удаагаа айлчлах үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Индира Гандийн хамт “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудаа тодорхойлсон Монгол, Энэтхэгийн Хамтарсан Тунхаглалыг гаргасан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн үндсийг баталгаажуулж, цаашид харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон томоохон үйл явдал болов. Айлчлалын үеэр хоёр тал улс хоорондын аливаа маргаантай асуудлыг энхтайвны замаар, яриа хэлэлцээгээр зохицуулж байх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж, Ази тивд энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд бүх талаар хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
Монгол, Хятадын харилцаа ноцтой хурцадмал байсан үед Энэтхэг улстай харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн үндсийг баттай тавьж, Азийн энхтайван, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээнд зөвлөлдсөн нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал тус дөхөм үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Тийнхүү Монгол, Энэтхэгийн харилцаа нь нийгмийн янз бүрийн байгуулалтай улс орнууд энхтайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж буйн үлгэр жишээ болсны гадна тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон тулгуурт зарчмаар баталгаажуулахын чухал уг сурвалж болсон гэж үзэж болох юм.
Монгол Улсын ГЯЯ-ны сайд Л.Ринчин 1975 оны арваннэгдүгээр сард Энэтхэг улсад айлчилж, худалдаа, шинжлэх ухааны техникийн хамтын ажиллагааны хоёр хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны агуулгыг баяжуулсан үйл явдал болов. 1976 оны арваннэгдүгээр сард БНЭУ-ын ГЯЯ-ны сайд Я.Б.Чаван Монгол Улсад айлчилж, хоёр улс Энэтхэг-Хятадын хойгт энхтайвныг сэргээн тогтоосон явдлыг Ази тив төдийгүй дэлхий дахинд тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болсныг цохон тэмдэглэсэн байна.
1976 онд Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ыг дэмжих үүднээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшүүлснээ эгүүлэн татаж байсан нь аюулгүй байдлын үүднээс ч авч үзсэн чухал алхам байв.
1978 оны хоёрдугаар сард урьд өмнө нь Энэтхэгт элчин сайдаар ажиллаж байсан Монгол Улсын ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн БНЭУ-д айлчилж, ГЯЯ-ны сайд Атал Бихари Важпай лугаа үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, худалдаа, соёлын салбарт хамтран ажиллах хоёр хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Айлчлалын үеэр БНЭУ-ын ГЯЯ-ны сайд А.Б.Важпай үг хэлэхдээ: “Энэтхэг, Монгол хоёр нь Ази тивийн өнө эртний ард түмнүүдийн эртний өлгий нутаг билээ. Манай хоёр улсыг холбосон, түүхийн болон соёлын хамтын ажиллагаа нь ер бусын өвөрмөц шинжтэй бөгөөд Энэтхэгийн соёл, гүн ухаан анх Төв Ази болон Сибирьт дэлгэрч эхэлсэн үеэс эхлэлтэй. Монголчууд Самгарьд хэлнээ туурвисан бүтээлүүдийг эрхэмлэн дээдэлж ирснийг энэтхэгчүүд бид нэн онцгой, нэр төрийн хэрэг хэмээн үздэг. Самгарьд хэлээр туурвисан гүн ухаан, яруу найраг, учир шалтгааны ухаан, одон орон судлалын талаархи олон тооны эрдэнэ мэт үнэт сургааль ном зохиол манай оронд аль хэдийн хэдэн зууны тоосонд дарагдан, гээгдэж үрэгдээд байсан атал Монголчууд тэдгээрийг өөрийн эх хэлнээ орчуулж, заримыг гар бичмэл байдлаар үе дамжуулан нандигнан хадгалж ирсэнд манай ард түмэн Монголчуудад маш их талархалтайгаар ханддаг. Орчин үед ч гэсэн олон олон Монголчууд Бурханы шашны ариун дагшин өлгий орон болох Энэтхэг улсад зорчих нь их болжээ” хэмээн онцлон тэмдэглэж байжээ.
1988 оны долоодугаар сард БНЭУ-ын Ерөнхийлөгч Р.Венкатараманы Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгдийн дарга Жамбын Батмөнхийн 1989 оны гуравдугаар сард Энэтхэг улсад хийсэн айлчлал нь Монгол, Энэтхэг хоёр орны улс төрийн харилцааг өндөр дээд түвшинд хөгжүүлэх шинэ үе шат болсон байна. Ж.Батмөнх даргын айлчлалын үеэр Жавхарлал Неругийн их сургуульд Монгол судлалын төвийн нээлт болсон юм.
1992 оны дөрөвдүгээр сард БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч Шанкар Даял Шарма, 1996 оны есдүгээр сард Дэд ерөнхийлөгч Кочери Раман Нараянан, 1999 оны наймдугаар сард Дэд ерөнхийлөгч Кришан Кант нар тус тус Монгол Улсад айлчилсан нь харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц болов.
Энд онцлон тэмдэглэхэд, 1993 оны зун БНЭУ-ын Соёлын дэд сайд хатагтай Кумари Селжа Улаанбаатарт хотноо айлчлах үеэр Бурхан багшийн Чандрыг залан авчирсан нь Монголын сүсэгтэн олонд туйлын ач холбогдолтой үйл явдал болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 оны хоёрдугаар сард БНЭУ-д айлчлах үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч П.В.Нарасимха Раотай яриа хэлэлцээ хийж, “Монгол Улс, БНЭУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” -нд гарын үсэг зурсан нь хоёр талын ирээдүйн харилцааны эрхзүйн үндсэн баримт бичиг болж байна.
Монгол, Энэтхэг хоёр улс ХХI зуунд ч хамтын ажиллагаагаа улам бататган бэхжүүлж, 2009 оны есдүгээр сард “Иж бүрэн түншлэл”, 2015 оны тавдугаар сард “Стратегийн түншлэл”, 2019 оны есдүгээр сард “Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай” хамтран ажиллахаар тохиролцсон юм. Өдгөө хоёр улсын хооронд 50 гаруй гэрээ, хэлэлцээр амжилттай хэрэгжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.
НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг манлайлагч, БРИКС, ШХАБ, 20-ын бүлгийн гишүүн, Исламын улсуудын бага хурал, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын бага хурлын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнд нэр дэвшигч Энэтхэг улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улсыг дэмжсэн юм.
2009 онд Монгол, Энэтхэгийн хооронд “Иж бүрэн түншлэлийн харилцаа” тогтоосон бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр 2015 оны тавдугаар сард эрхэмсэг ноён Нарендра Моди БНЭУ-ын Ерөнхий сайдын хувиар анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан Мэдэгдэл”-ийг гаргасан юм. Нарендра Моди тэрбээр УИХ-д үг хэлэхдээ: “Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй, үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань Энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг” гэсэн юм.
Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэхдээ: Биднийг оюун санааны гурав дахь хөршөө гэж үзэж байгаад баяртай байна. Монгол Улс Зүүн Ази, Энэтхэгийн бодлогын нэг хэсэг болж байна. Энэтхэг, Монгол Азид нэг зорилготой учраас энх тайвныг сахиулахад хоёр улс хамтран ажиллаж чадна. Би Энэтхэгийн Ерөнхий сайдын хувиар энэ бүс нутагт хүлээж байгаа үүрэг хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны цар хүрээг харуулж байна. Бид эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргах бүрэн боломж бий. Энэ хүрээнд нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэж байна. Энэ зээл Монгол Улсын дээд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулагдах юм. Цаашдаа Энэтхэгт суралцах оюутны тоог 150-200 болгож, Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна… Цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэл болгон ахиулж, найрсаг харилцааныхаа баримт бичгийг шинэчлэн байгуулахаар боллоо. Одоо бидний харилцаа шинэ эрин үед гарч байна гэдэг итгэлтэй байна” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
