Аравдугаар сарын эхний долоо хоногт Оросын газрын тос боловсруулах дөрвөн үйлдвэр Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн нь бензин шатахууны үнийг дахин өсгөж, түүхэн дээд хэмжээнд хүргэжээ.
Украины тал наймдугаар сарын эхнээс хойш ийм агаарын цохилтуудыг ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд эрчимтэй явуулж байгаа.
Сүүлд цохилтод өртсөн Ленинград мужийн Кинеф боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын 40 хувь нь зогсжээ.
Үүний улмаас өчигдөр буюу Даваа гарагт Санкт Петербургийн Түүхий Эдийн Бирж дээр Аи-92 бензиний тонн тутмын бөөний үнэ 0.5 хувиар өсөж, 74,200 рубль хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
Энэ оны эхнээс Аи-92 төрлийн бензиний үнэ 40 гаруй хувиар өсжээ.
Өчигдрийн арилжааны үеэр Аи-95 төрлийн бензиний тонн тутмын бөөний үнэ 0.7 хувиар буурч, 79,780 рубль хүрсэн ч оны эхний сартай харьцуулахад бараг 50 хувийн өсөлттэй хэвээр байна.
Бөөний үнийн өсөлтийг дагаад жижиглэн худалдааны үнэ ч өссөөр байгаа.
Росстат байгууллагын мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс 29-ний хооронд бензиний жижиглэн худалдааны үнэ 2.48 хувиар өсжээ.
Энэ нь 2010-аад оны үеэс хойших хугацааны нэг сарын хамгийн өндөр өсөлтүүдийн нэг юм байна.
Оросын эрх баригчид дотоод зах зээлийн хомсдолоо арилгахын тулд бензин түлшний экспортын хоригоо он дуустал сунгасан ч үр дүн гарахгүй байгаа.
Одоо тус улс гадаад зах зээлээс импортлох, мөн бензин шатахуун үйлдвэрлэлд октан дээшлүүлэгч химийн хортой бодисыг ашиглах зэрэг арга замуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Аравдугаар сарын эхний долоо хоногт Украины нисгэгчгүй онгоцнууд Кинефээс гадна Ярославль мужийн “Славнефть-ЯНОС”, Оренбург мужийн Туапсинский НПЗ “Роснефть”, “Орскнефтеоргсинтез” үйлдвэрүүдэд хохирол учруулжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!