Гүржийн ерөнхий сайд Иракли Кобахидзе тус улсын нийслэл Тбилиси хотод Бямба гарагт болсон эсэргүүцлийн жагсаалыг Европын Холбооны зүгээс дэгдээсэн төрийн эргэлт хийх зорилготой үймээн самуун гэж нэрлээд зохион байгуулагчдыг нь гэсгээн шийтгэх ажил эхэлснийг мэдэгджээ.
Орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр болсон жагсаалын үеэр тэмцэгчид Гүржийн ерөнхийлөгчийн ордонд дайран орохыг оролдож, цагдаа нар тэдний эсрэг усан буу, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн юм.
“Хэн ч хариуцлагаас мултрахгүй. Үүнд улс төрийн хариуцлага ч багтана” гэж Кобахидзе өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Жагсаалын дараа цагдаа нар гол сөрөг хүчин болох Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний хоёр гишүүн болон дуурийн дуучин, тэмцэгч Паата Бурчуладзе зэрэг таван хүнийг баривчилсан байна.
Ерөнхийлөгчийн ордны гадна болсон мөргөлдөөний үеэр зургаан жагсагч, хууль хүчний байгууллагын 21 ажилтан гэмтэж бэртсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн оны парламентын сонгуульд Кобахидзегийн тэргүүлдэг Гүржийн Мөрөөдөл нам ялалт байгуулснаас хойш Өвөр Кавказын энэ улсын нийгэмд тогтворгүй байдал үргэлжилж байгаа.
Европын талыг баримтлагч сөрөг хүчнийхэн энэ сонгуулийг эрх баригчид луйвардсан гэж үздэг.
Сонгуулийн дараа Европын Холбоонд тус улсыг гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээ зогссон юм. Бямба гарагийн жагсаалд 7,000 хүртэл тооны хүн оролцсоныг мэдээлсэн Кобахидзе үүнийг Европын Холбооны дэмжлэгтэй, “үндсэн хуулийн дэг журмыг нураах оролдлого” гэж нэрлэжээ.
“Төрийн эрхийг булаах оролдлогын зохион байгуулагчид болох хэд хэдэн хүн баривчлагдсан” гэж Кохабидзе хэвлэлд ярьсан байна.
Москватай найрсаг харилцаатай Гүржийн Мөрөөдөл нам 2012 оноос хойш Гүржийн төрийн эрхийг барьж байгаа юм.
“Хилийн чанадаас тодорхой хүмүүс үндсэн хуулийн дэг журмыг нураах оролдлогыг дэмжиж байгаагаа илэрхийлснийг та бүхэн мэдэж байгаа” гэж хэлсэн Кохабидзе тус улсад суугаа Европын Холбооны элчин сайд Павел Херчинскийг “үүнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн” хэмээн буруутгажээ.
Бямба гарагт болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийг Гүржийн хамгийн том хоёр сөрөг хүчин бойкотолсон юм. Гүржийн Мөрөөдөл нам энэ сонгуулиар орон нутгийн тойрог бүрд ялалт байгуулжээ.
Гүржийн Мөрөөдөл намын үүсгэн байгуулагч нь тус улсын хамгийн баян хүнд тооцогддог Бидзина Иванишвили юм.
Ерөнхий сайдын албыг хашиж байсан тэрбээр Оросын талыг баримталдгаа няцаадаг бөгөөд Европын Холбоонд улс орноо элсүүлэхийн зэрэгцээ Москватай найрсаг харилцаагаа хадгалах хүсэлтэйгээ илэрхийлдэг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!