Трампын “цаасан бар” гэсэн хочийг Путин няцаав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан дөрөв дэх жилдээ эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй Орос улсад “цаасан бар” хэмээх хочийг өгсөн билээ.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үүнийг няцаасан мэдэгдэл хийжээ.
Хар тэнгисийн эргийн Сочи хотод зохион байгуулагдсан Валдайн бүлгийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ тэр “Цаасан бар. Дараа нь яах вэ? Энэ цаасан бартайгаа ойлголцох хэрэгтэй болно. Бүх НАТО-той тулалдаж, давшиж байгаа бид цаасан бар юм бол НАТО өөрөө хэн болох вэ?” гэж хэлсэн байна.
Дараа нь тэр Украинд “Tomahawk” пуужин нийлүүлэх АНУ-ын төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлжээ.
“Tomahawk-ийг Америкийн цэргийн мэргэжилтний шууд оролцоогүйгээр ашиглах боломжгүй. Энэ нь хурцадмал байдлыг, тэр дундаа Орос, Америкийн зөрчлийг чанарын шинэ шатанд гаргах болно” гэж Путин анхааруулсан байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хэрвээ хэн нэг нь бидэнтэй цэрэг зэвсгийн салбарт өрсөлдөх хүсэлтэй байгаа бол чөлөөтэй. Оролдоод үз. Оросын хариу арга хэмжээ удахгүй ирэх болно” гэжээ.
НАТО-гийн удирдагчид Украины дайнд Орос ялбал Европын дараагийн улс эзлэн түрэмгийлэлд өртөхөөс болгоомжилж, батлан хамгаалах хүчээ зузаатгаж байгаа.
Путин үүнийг үгүйсгэж, Орос улс өөр улс оронд халдан түрэмгийлэх зорилгогүйг баталжээ.
“Тайвшир, тайван унт, өөр өөрийнхөө асуудлыг шийд гэж би хэлмээр байна. Европын хотуудын гудамжинд өнөөдөр юу болж байгааг харцгаа л даа” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
