Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын 45 дахь дэд ерөнхийлөгч Аль Горын үүсгэн байгуулсан The Climate Reality Project ашгийн бус байгууллага 2025 оны аравдугаар сарын 2-3-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "Climate Reality Leadership Corps" манлайллын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдөр буюу өчигдөр ноён Аль Гор Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзаж, асуултад хариуллаа.
Тэрбээр уулзалтын эхэнд "Бидний зорилго бол шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хүмүүсийг мэдлэгжүүлж, уур амьсгалын хямралыг ойлгох, түүнийг даван туулах шийдлийг хуваалцах, дараагийн үеийн манлайлагчдыг сургаж, цаашид тогтвортой ирээдүйн төлөө хамтран ажиллахад оршдог" хэмээн ярилаа.
iToim.mn: Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтынхаа дагуу Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх шаардлагатай байгаа. Бодитоор хэрэгжүүлэхэд юуг анхаарах, ямар дарааллыг баримтлах нь зохимжтой вэ?
Аль Гор: Эн тэргүүнд Монголчууд дэлхий дахинд авьяас, мэдлэг, ур чадвараараа гайхагддаг гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Монгол Улс нар, салхины эрчим хүчний салбарт асар их нөөц боломжтой. Нүүрс зэрэг чулуужсан түлшнээс татгалзаж, нар салхины эрчим хүчийг батарей хуримтлууртай хослуулан хийх боломж бий.
GoGo.mn: Таны хэлсэнчлэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий ч Монголын зарим инженерийн хэлж буйгаар сэргээгдэх эрчим хүчинд шилжих нь хэт хол байна гэдэг. Учир нь эрс тэс уур амьсгалтай манай улсад нар, салхины эрчим хүчийг тогтвортой авч явахад бэрх гэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах шийдлийг та эрэлхийлдэг шүү дээ. Танд ямар шийдэл байна вэ?
Аль Гор: Миний итгэж хүндэлдэг эрчим хүчний мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нар, салхины эрчим хүчний нөөц Монголд их бий, ялангуяа говьд. Говийн бүсэд нар сайн тусдаг, салхины хүч ихтэй. Гол асуудал нь сэргээгдэх эрчим хүчийг үр ашигтайгаар нөөцлөх боломжтой бүс нутгаас өөр тийш дамжуулах сүлжээг байгуулах юм. Ингэж л нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой.
GoGo.mn: Нүүдэлчин соёл, мал аж ахуй бол монголчуудын онцлог. Уур амьсгалын өөрчлөлтөд өндөр уулын бүсийн уугуул малчид, тал хээрийн бүсийн биологийн олон янз байдал хамгийн их өртөж байна. Энэ эмзэг нөхцөл байдалд уламжлалт ахуйгаа уур амьсгалын бодлогын хувьд шийдэлтэйгээр яаж авч үлдэх вэ?
Аль Гор: Монголын ирээдүйн хувьд маш чухал асуулт байна. Жишээлбэл зуд малчдад хүндээр тусахын зэрэгцээ Монгол Улсын нийгэм-эдийн засагт тун их нөлөөтэй. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цасны тогтоц өөр болж байна. Цас орж, хөлдсөнөөр мал олноор үрэгдэж, зудын хямралыг улам даамжруулж байгаа.
Хөдөө аж ахуйн салбарын судлаачид бэлчээрээ сэлгэх, бэлчээрийн менежментийг сайжруулснаар малчдын амьжиргааг хамгаална гэж байгаа. Мэдээж хэрэг Монголд энэ тал дээр надаас илүү их мэдэх мэргэжилтэн олон байгаа байх.
iKon.mn: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж байгаа. Гол ус олноороо ширгэж, эргэн сэргэлээ гэдэг ч үнэн хэрэгтээ мөнх цэвдэг хайлж, усны түвшин нэмэгдэж байна гэж зарим судлаач үзэж байгаа. Та Монголын нутаг дэвсгэр дэх мөнх цэвдгийн 34 хувь нь хайлсан байна гэж илтгэлдээ дурдсан. Экосистемд чухал үр нөлөөтэй мөнх цэвдгийг хэвээр хадгалж үлдээхийн тулд ямар хүчин чармайлт гаргах шаардлагатай байна вэ?
Аль Гор: Би Climate Reality төслийнхөө хүрээнд дэлхийн олон газарт очдог. Үүнээс үзэхэд мөнх цэвдэг бүх бүс нутагт хайлж байна. Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт мөсөн бүрхүүл багасаж байгаа нь метан, хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой.
Арктикийн бүс нутагт нүүрсхүчлийн хий асуудал үүсгэсээр байна. Бид агаар мандалд дэгдэж буй хүлэмжийн хий бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадна гэж итгэж байна. Ингэвэл дэлхийн дундаж температур эргэн буурах, хөрж эхлэх процесс бий болох бүрэн боломжтой. Монголын ирээдүйг аюулгүй цэцэглээсэй гэж хүсвэл хийх ёстой зүйл их байна.
iKon.mn: Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохын тулд дэлхий даяараа эрчим хүчний шилжилт хийх шаардлагатай байгаа. Гэхдээ эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд их хэмжээний ашигт малтмал шаардлагатай. Өөрөр хэлбэл эрчим хүчний шилжилт нь уул уурхайн салбарын олборлолтыг өсгөх улмаар хүлэмжийн хийн ялгарлыг өдөөх нэг хүчин зүйл болж болзошгүй. Иймд тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?
Аль Гор: Зэс, уран, лити болон тогтвортой хөгжилд шилжихэд шаардлагатай ашигт малтмалыг олборлох үр нөлөө ба нүүрс, хий, газрын тос хэрэглэсээр байх үр нөлөөг харьцуулж үзвэл шинэ, цэвэр эрчим хүчний эдийн засагт чиглэсэн уул уурхайн үр нөлөө нь одоогийн чулуужсан түлшний олборлолтоос хамаагүй бага.
Гэхдээ аливаа уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг аюулгүй болгох ёстой. Уурхайчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж, өндөр стандартаар ажиллах шаардлагатай.
Unread Today: Монголд уур амьсгалын асуудлуудыг хөндөгдөхдөө шинжлэх ухаан, судалгааг танилцуулахдаа бидний өдөр тутмын амьдралд бодитоор ямар үр нөлөө үзүүлж байгааг хэрхэн өгүүлэх нь оновчтой вэ?
Аль Гор: Сэтгүүлч байсан хүний хувьд хэлэхэд уур амьсгалын өөрчлөлт ба түүний хор уршгийг шийдэхэд шилжилт л чухал. Чулуужсан түлшний хэрэглээнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих тухай юм.
Уур амьсгалын хямралын 80 хувийг чулуужсан түлшний хэрэглээтэй холбоотой. Та дэлхийн бөмбөрцгийн хаана ч байсан ирээдүйд манай хүүхдүүд, манай ач зээ нар ямар нөхцөлд амьдрах вэ гэдгээ бодох ёстой. Энэ шилжилт нь цэвэр агаар, эрүүл мэндийг хамгаалахад нэн чухал. Эрчим хүчний шилжилт хийснээр та бидний хүүхдүүд эрүүл байна, бохирдол багасна, эрчим хүчний өртгийг бууруулна. Хэрвээ би сэтгүүлчээрээ ажиллаж байсан бол энэ талаар бичих байсан байх. Гэхдээ энэ бол та нарын шийдэх зүйл шүү дээ.
Bloomberg: Монгол Улсын шадар сайд Саудын Арабтай нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд хамтран ажиллах талаар томоохон мэдэгдлийг саяхан хийсэн. Сэргээгдэх эрчим хүчээр Монголоо хангаад зогсохгүй, урд хөршдөө экспортлох төлөвлөгөөтэй гэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчинд бие даан шилжиж чадахгүй байгаа хөгжиж буй орнуудад туслах тал дээр Арабын орнууд болон Хятад улс барууныхнаас түрүүлж алхаж байх шиг байна. Тэдний гүйцэтгэх үүргийн талаар та юу гэж бодож байна вэ?
Аль Гор: Би энэ мэдэгдлийн талаар нарийн сайн мэдэхгүй байгаа ч дэлхийн улс орнууд Монголын сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байгаа гэдэг нь тун сайн хэрэг. Энэ нь уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд Монголд шинэ боломжуудыг гаргаж байна.
Газрын тосоор баян Арабын орнууд сэргээгдэх эрчим хүчинд илүү их хөрөнгө оруулж байна гэдэгтэй харин би санал нийлэхгүй. Дэлхийн бүс нутгуудыг авч үзвэл ихэнх бүс нутагт сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд хандуулж байна. Мөн эрчим хүчний өртөг багатай эх үүсвэрийг ашиглах хэрэгцээ сонирхол их байна.
Арабын орнууд өөрсдийн сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дээшлүүлснээр гадагшаа зарж байгаа чулуужсан түлшнийхээ экспортыг нэмэгдүүлэх сонирхол цаана явж байгаа байх. Гэхдээ ямар ч байсан Монголын сэргээгдэх эрчим хүчинд шилжихийг дэмжиж байгаа бол сайн байна.
Өдрийн сонин: Хүн төрөлхтөн байгальтайгаа салшгүй холбоотой гэж ярьдаг. Гэсэн хэдий ч хэрэгцээнээсээ хэт давсан хэрэглээтэй байна. Үүний уршигт ой мод багасаж, гол ус ширгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар бүгд ярьж байгаа ч жинхэнээсээ үйлдэл хийхгүй байгааг та юу гэж харж байна вэ?
Аль Гор: Тун гүнзгий утгатай асуулт байна. Анагаахын шинжлэх ухаан хүн төрөлхтөн байгальд их цаг өнгөрөөх тусам илүү эрүүл байдаг гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр нотолсон. Байгальтай уялдаа холбоотой байна гэдэг бол хэлээд өнгөрдөг зүйл биш. Энэ бол бодит үнэн. Бид байгалиасаа холдвол эрүүл мэнд мууддаг.
Гэхдээ дижитал технологи бидний байгалиас холдуулахад хүчтэй нөлөөлж байна. Гар утас, цаг гээд л ухаалаг төхөөрөмжүүддээ анхаараад байгаа нь хэвийн зүйл биш гэдгийг хүмүүс ойлгож, ухамсарлаад эхэлсэн байна. Залуу үеийнхэн бол дижитал ертөнцийн уугуул иргэд. Тэд сошиал ертөнцийн эрин үед амьдарцгааж байна.
Одоо цагт хүмүүс найзалж нөхөрлөх амьд харилцаагаа бууруулж буй нь сэтгэцийн эрүүл мэндэд нь маш тааруу нөлөөтэй. Байгалиасаа холдож байгаагаа эргэн харж, илүү ойрхон байхад, дижитал ертөнцөд төөрч, төрөлх мөн чанараа гээхгүйгээр амьдрах хэрэгтэй. Байгальдаа ойрхон байхын давуу талыг илүү сайн ойлгоосой гэж хүсэж байна.
Unnu news: Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг ихээр амсаж буй энэ үетэй давхцан ирэх онд COP17 хурлыг зохион байгуулах гэж байна. Монгол Улс энэхүү хурлыг далайд гарцгүй, уур амьсгалд эмзэг улс орнуудын дасан зохицох, тэсвэрлэх чадварын талаарх дэлхийн амлалтыг тодорхойлоход хэрхэн ашиглах боломжтой вэ?
Аль Гор: Юуны өмнө Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаад баяр хүргэе. Цөлжилтийг зогсоох, бэлчээрийн тогтвортой менежментийг цогцлооход энэхүү арга хэмжээ нь Монгол төдийгүй бусад улсад онцгой ач холбогдолтой.
Жил бүр 100 сая га газрыг цөлжилтөд алдаж байгаа нь хүн бүрийн санаа зовох асуудал. Монгол Улс дэлхий дахинд тулгамдсан цөлжилт хэмээх энэхүү асуудлыг шийдэхэд анхаарч байгаад нь баяр хүргэж, амжилт хүсье.
Цөлжилт бол олон нөхцөл байдлаас улбаатай гэж байгаагийн нэг нь бэлчээрийн даацын хэтрэлт ба уул уурхайн төслүүд. Мөн ноолуурын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Дэлхий дахинаа хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн экосистемд сөргөөр нөлөөлж, атомын бөмбөг дэлбэрэхтэй ижил хэмжээний уршиг хөнөөлийг үзүүлж байна. Хуванцрын хэрэглээний улбаатай хаягдал, цөлжилт, чулуужсан түлш ашиглаж байгаа зэрэгт бид онцгой анхаарч, өөрчлөх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, хөдөө аж ахуй, мал аж ахуйг тогтвортой байлгах нь чухал байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!