ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооны удирдагчид Оросын халдлагын эсрэг “дроны хана” байгуулахаар тохиролцов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дани улсын нийслэл Копенхаген хотод чуулсан Европын Холбооны удирдагчид Оросын халдлагын эсрэг “дроны хана” байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Сүүлийн өдрүүдэд Европын Холбооны гишүүн орнуудын агаарын орон зайд Оросын нисгэгчгүй онгоц болон сөнөөгч онгоц халдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө Дани улсын нисэх буудлуудын ойр орчимд үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцнууд ажиглагдсаны улмаас нислэгүүд саатаж байлаа.

“Европ өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Бид нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл, нисгэгчгүй онгоц эсэргүүцэх чадавхаа бэхжүүлж, гаднын халдлагаас хамгаалах, саармагжуулах нисгэгчгүй онгоцны Европын сүлжээг бий болгох шаардлагатай байна” гэж чуулганы дараа Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Данийн хэд хэдэн нисэх буудлын үйл ажиллагааг тасалдуулсан үйл явдлын цаана Орос улс байж болзошгүйг энэ үеэр хэлсэн байна.

зураг
 

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Орос биднийг сорьж туршихыг оролдож байна. Бас манай нийгмийг айлгах, талцуулахыг оролдож байна. Бид үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

Копенхагены чуулганы аюулгүй байдлыг хангахын тулд зэвсэгт хүчнийг дайчилж, Европын бусад орнууд дроноос хамгаалах системээ илгээсэн юм.

Мөн тус улсын агаарын орон зайд дрон нисгэхийг Баасан гараг хүртэл хоригложээ.

Фон дер Ляйен “дроны хана” гэдэг ойлголтыг өнгөрсөн сард анх танилцуулсан бөгөөд энэ нь Европын зүүн жигүүрт халдсан нисгэгчгүй онгоцыг илрүүлэх, мөрдөх, устгах зорилготой мэдрэгчүүд болон зэвсгүүдээс бүрдсэн сүлжээ байх гэнэ.

Тэрбээр энэ санаагаа Польшийн агаарын орон зайд Оросын 20 орчим дрон халдсанаас хойш хэдхэн цагийн дараа танилцуулж байв.

Польш руу чиглэсэн энэ халдлага Европын нисгэгчгүй онгоцноос өөрийгөө хамгаалах чадвар сул байгааг харуулсан юм. Үүний дараа НАТО-гийн орнууд зүүн жигүүрийнхээ агаарын орон зайн хамгаалалтыг чангатгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээд байна.

“Дроны хана” байгуулах Европын Холбооны санааг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “цагаа олсон, нэн шаардлагатай арга хэмжээ” гэж сайшаасан юм.

Копенхагены чуулганы үеэр Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид бас энэ санааг дэмжицгээжээ.

Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага болох Европын Комисс “дроны хана” байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулахаар болсон байна.

 

Эх сурвалж: Reuters