Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхцэцэг: Нэг гадаад үгийг олон хувилбараар бичдэг асуудлыг цэгцэлж, журамлах нь зүйтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд" сэдэвт хэлэлцүүлгийг Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд өнөөдөр зохион байгууллаа. 

Бид Оросын цагаан толгойн үсгээр дамжуулан кирилл бичгийг авсан. Тиймээс ч улс орнуудын нэрийг бичихдээ орос хэлэнд хэрхэн тэмдэглэж байгааг гол төлөв харж ирсэн. 

Гэтэл зарим үг, нэршлийг орос хэлнээс шууд дамжуулан галиглахад тохиромжгүй, цаад үндэстний нэртэй тохирохгүй байх асуудал тулгардаг. 

Нөгөө талаас латин цагаан толгойн үсэгтэй англи хэлний хэрэглээ бидний дунд харьцангуй хэвшиж байна. Гэхдээ англи хэлнээс эх хэл рүүгээ алдаатай буулгадаг асуудлын талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян дурдаж байв.

Тус хэлэлцүүлгийн үеэр “Англи үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудал” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч ЭШТА М.Мөнхцэцэг дараах илтгэлийг танилцуулсныг хүргэж байна.



Тэрбээр "Даяарчлалын энэ эринд англи хэл дэлхий нийтийн харилцаа, шинжлэх ухаан, технологийн хэрэглээнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнтэй уялдан шинэ үг хэллэг, нэр томьёо, оноосон нэрүүд ч орж ирж буй.

Эдгээрийг нэгдсэн зарчмаар зөв буулгах нь нийгмийн харилцаа, монгол хэлний үгийн сангийн зохистой хэрэглээ, бичгийн соёл, эх өгөгдөл ба хиймэл оюуны хөгжилд чухал ач холбогдолтой.

Англи төдийгүй бусад хэлэнд ч гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийг монгол хэлнээ буулгах тогтсон дүрэм, стандарт алга. Улмаар нэг гадаад үгийг олон янзаар бичих асуудал үүсэж байгаа. Иймд нэгдсэн стандартыг бий болгох шаардлагатай" хэмээв. 

Тэгвэл ямар асуудал тулгарч байна вэ?

Гадаад үгийг олон хувилбараар бичиж байна.

Гадаад үг, оноосон нэрийн эгшиг авиаг олон хувилбараар тэмдэглэсэн жишээ: 

  • Gender- Жендер, жендэр
  • Merchandise- Мерчандайз, мерчендайз  
  • Forfeiting- Форфайтинг, форфейтинг

Их Британийн парламентын гишүүний нэрийг Mark Garnier- Марк Гарньер, Марк Гарниер гэх мэтчилэн бичжээ. 

  • Parliament.mn сайтад Марк Гарниер
  • Монгол Улсаас Их Британид суух Элчин сайдын яамны цахим сайтад Марк Гарньер гэж бичсэн байх жишээтэй.

Гадаад үг, нэр томьёоны эцсийн зөөлөрсөн гийгүүлэгчийг "и","ь" хувилбараар бичсэн жишээ: 

  • Монополь- Монополи
  • Магистраль- Магистрал
  • Брайль- Брайл
  • Модуль- Модул
  • Парсель- Парсел
  • Картель- Картел
  • Кабель- Кабел

Гадаад нийлэмж нэр томьёог салгаж эсвэл нийлүүлж бичсэн жишээ: 

  • Автомашин- Авто машин
  • Био технологи- Биотехнологи
  • Био бэлдмэл- Биобэлдмэл

Хатуу зөөлний тэмдгийг хольж хэрэглэдэг жишээ: 

  • Обьект- Объект
  • Бульдозер-булъдозер гэх мэт олон хувилбараар бичиж байгааг хэллээ. 
Орос хэлээр дамжуулан авсан зарим гадаад нэр томьёог үл анзааран тухайн нэр томьёог англи хэлнээс галигчлан авахдаа өөр хэлбэрээр авсан жишээ нэлээд байна.

Гадаад үг

Орос

Англи

Corporation

Корпорац

Корпорашн

Construction

Конструкц

Констракшин

Logistic

Логистик

Ложистик

Landscape

Ландшафт

Ландскэйп

Matrix

матриц

Матрикс

Гадаад улс орон, хот, газар ус, хүний нэрийг олон янзаар буулган бичиж байна. 

  • Mississippi: Миссисипи/ Миссиссипи/ Миссиссиппи (3 янзаар);
  • Philadelpia: Филадельф / Филадельфиа / Филадельфия / Филаделф / Филаделфи / Филаделфия / Филаделфиа (7 янзаар);
  • Tina Turner: Тина Тёрнер / Тина Турнер/ Тина Тернер / Тина Тернор / Тина Турнер / Тина Турнер (6 янзаар)
зураг
 

Олон хувилбартай бичиж буйн шалтгаан:

  1. Эрх зүйн зохицуулалт байхгүй, хяналтгүй.
  2. Хамтын ажиллагаа байхгүй.
  3. Зөв бичгийн дүрмийн журамласан толь бичгээ мөрддөггүй.
  4. Гадаад үгийг монгол хэлнээ хөрвүүлэх тогтсон дүрэм, стандарт байхгүй.
  5. Орчуулж болох үгсийг шууд зээлдэн хэрэглэж байна.

"Англи хэлнээс орж буй үг, оноосон нэрийг кириллээр зөв хөрвүүлэх нь хэлний бодлогын чухал хэсэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч ЭШТА М.Мөнхцэцэг "Эрх зүйн зохицуулалт байхгүй, хяналтгүй байдлаас хувилбар бичлэг бий болж байна.

Замбараагүй хэрэглээнээс үүдэн ухагдахууны зөрүү гарч байна. Ухагдахууны зөрүү гарснаас нийгмийн харилцаанд үл ойлголцол үүсэж байгаа юм. 

Мөн гадаад үгийн санг тодорхойлох хэрэгтэй. Бид чухам хэчнээн гадаад үгийг ашиглаж байгааг тодорхойлж, тогтоосон тоо байхгүй. 

Хэл зохиолын хүрээлэнгээс 8,000 орчим гадаад үгийг цуглуулсан. Энэхүү сан дээрээ үндэслэн гадаад үгийн чиглэлээр хэд хэдэн өгүүлэл бичсэн. Нэр томьёоны орчуулга судлал сэдэвт бүтээлийнхээ хэсэгт англи үгийг кириллээр хөрвүүлэх арга, зарчмыг жишээгээр тайлбарлаж, хүснэгтлэн үзүүлсэн байдаг.

Хамгийн гол нь англи хэлнээс орж буй үг, оноосон нэрийг кириллээр зөв хөрвүүлэх асуудал бол хэлний бодлогын нэг чухал хэсэг юм" гэлээ. 

Шийдэл:

  • Монгол хэлний үгийн санд орж ирсэн гадаад үгийг түүвэрлэн сан бүрдүүлэх
  • Санд тулгуурлан гадаад үгийн хэрэглээ, хувилбар бичлэг, тухайн үгийн гарал, авиа зүйн талаар судлахаас гадна гадны сайн туршлагаас суралцах 
  • Монгол хэлний авиа зүйн онцлогт тохирсон тогтолцоотой дүрэм боловсруулах
  • Журамласан дүрмийн дагуу гадаад үгийг журамласан толь бичигт зохиох
  • Журамласан дүрэм бүхий толь бичгийг стандартчилан олон нийтэд мөрдүүлэх

Гадаад үгийн замбараагүй хэрэглээ ба үл ойлголцол нь тулгамдсан асуудал болж буй учир дээрх шийдлийг хэлэлцүүлгийн үеэр ийнхүү танилцуулав.