Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган хүний зам талбайг шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 88 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 53 хувьтай үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Явган хүний замын хавтанг шинэчлэх ажлын нийт гүйцэтгэлийг 55 хувьд хүргэсний дараагаар зогсоож, ирэх оны хавар үргэлжлүүлэн дуусгахаар болжээ.
Тус хэлтсээс мэдээлснээр зарим байршлын чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг Улсын комисс хүлээж авахгүй. Чанаргүй зам барьсан ААН-үүдээр асуудлыг нь шийдүүлэх юм байна.
Тавдугаар сарын 19-нөөс Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл 11.6 километр буюу 27 мянган м.кв талбайг шинэчлэх ажлыг эхлүүлсэн ч ажлын явц 36 хувьтай, гэрээндээ багтааж ажлаа гүйцэтгээгүй “Сант-Өндөр” ХХК-ийн гэрээг цуцалжээ.
Харин нийслэлийн иргэдийн зүгээс явган хүний замын хавтанг чулуугаар сольж, шинэчлэх ажлыг гүйцэтгэх үед алхахад төвөгтэй болсон, эвдрээгүй замыг сольж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!