Тарваган тахал өвчний талаарх "Yersinia" олон улсын 15 дахь удаагийн симпозиумыг "Блю Скай" зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна.
Хамгийн сүүлд Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарласан талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл тарваган тахлын эрсдэл ба хүн амын эрүүл мэндийн боловсролд чиглэсэн асуудлаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-ийн захирал Б.Амгаланбаяраас тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр хэлэхдээ "ЗӨСҮТ нь 14 аймагт салбар төвтэй бөгөөд эрсдэлтэй аймгуудад 9-26 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.
Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд жилийн дөрвөн улиралд амьтдаас сорьц авч зоонозын буюу мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний эрсдэлийг тодорхойлдог. Улмаар урьдчилсан сэргийлэх арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг зорьдог.
Энэ жил үйлдвэрлэгч орнуудын шалтгаанаас болж тарваган тахлын дархлаажуулалт хийгдээгүй. Гэхдээ вакцинаас илүү хүний зан үйл 100 хувь урьдчилан сэргийлэх алхам болж чадна. Өөрөөр хэлбэл хувь хүнээс өөрөөс нь шалтгаална гэсэн үг.
Тарвагатай харьцахгүй байх нь хамгийн том дархлаажуулалт юм.
Тарваган тахлын эрсдэлд өртсөн бол нууж болохгүйг анхаарах хэрэгтэй байна. Ингэж нуун дарагдуулах нь өөрийгөө төдийгүй гэр бүл, найз нөхөд, эмч ажилчдыг давхар эрсдэлд оруулж байгаа явдал.
Тарвага агнаснаа нуудаг, тарваганы мах идсэнээ хэлдэггүй асуудлууд гарч байна. Үүнийгээ л болих ёстой.
Эрүүл мэндийн байгууллага тарваган тахлын эрсдэлд өртсөн сэжигтэй тохиолдолд ямар нэгэн хариуцлага тооцдог субъект биш. Тиймээс эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтран ажиллах хэрэгтэй.
Дээр дурдсан асуудлаас үүдэн Хөвсгөл аймагт гэхэд 110 хүнд эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. Тэднийг 6-7 хоногийн хугацаанд хавьтал болсноос нь хойш тусгаарласан. Үүний цаана нийгэм, эдийн засгийн өндөр зарлага Монгол Улсад бий болж байгааг анхаарах хэрэгтэй" гэлээ.
Үргэлжлүүлэн "Тарвага идэж байгаагаа бусдад уриалах, түүгээр зогсохгүй гөрөөсний цус уух, адууны засаа түүхийгээр нь идэх гэхчлэн асуудлууд гардаг.
Ан амьтны түүхий эд эрхтэн идэж байгаа нь зоонозын халдварт өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Тухайн амьтныг гаднаас нь хараад ямар нян, өвчин үүсгэгч тээж байгааг нь хэн ч хэлж мэдэхгүй, хараад хэзээ ч таних боломжгүй. Нэн ялангуяа ан амьтны махыг түүхийгээр нь иднэ гэдэг бол маш болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл" гэж ЗӨСҮТ-ийн захирал Б.Амгаланбаяр анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!