Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр тарваган тахлын нөхцөл байдал болон анхаарах асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хүргэлээ.
Энэ талаар "Эрүүл мэндийн боловсролын шинж чанартай зарим нэг мэдээллийг хэлье.
Анхны тохиолдол буюу Цагаан-Уул сумын иргэн эмнэлгүүдээр нэлээд явсан байна. Ингэж явахдаа “Тарваганы мах идсэн", "Түүхий тарваганы маханд хүрсэн" талаараа огт мэдээлэл өгөөгүй. Энэ үйлдэл нь өөрөө эмчилгээ оношилгоог удаашруулж ноцтой нөхцөл байдлыг үүсгэсэн.
Улмаар комд орсон үед нь ар гэрийнхэн нь "тарваганы мах идсэн байна" гэх мэдээллийг хэлснээр мэдэж, онош батлагдсан. Энэ хооронд сумынхаа эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрчимт эмчилгээ зэргээр эмнэлгийн ажилчид дотоод халдвар авах ноцтой байдал үүссэн байна.
Тарваган тахал ямар ноцтойг монголчууд бид бүгдээрээ мэднэ. Тарваган тахлаас сэргийлэх гол алхам бол голомттой газруудад тарвага агнахгүй байх, халдварыг цааш дэгдээх вий гэсэн болгоомжлол сэрэмж чухал гэдэг нь харагдаж байна" хэмээн сэрэмжлүүлэв.
Мөн "Нэгдүгээр зэргийн хавьталтай 110 иргэнийг хяналтад авсан.
Халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа учраас УОК, аймгийн Онцгой комисс хатуу дэглэм тогтоосон хэвээр байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа болон худалдаа, аж үйлдвэрийг зогсоосон. Ингээд есдүгээр сарын 15-н хүртэл Хөвсгөл аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон.
Бид Улаанбаатар хотоос явуулын баг илгээсэн. Мөн хоёр явуулын лабораторийг илгээгээд байна. Ингэснээр 72 цагийн дотор хариу гардаг нян судлалын шинжилгээг хийж, тарваган тахлын халдвартай эсэхийг шуурхай илрүүлж хорио цээрээс гаргах асуудлыг судалж байгаа.
Хөвсгөл аймагт ХӨСҮТ, НЭМҮТ, Зоонозын үндэсний төв бүтэн багаараа очиж ажиллаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!