Украины тосгоныг чиглэсэн Оросын бөмбөгдөлтөд тэтгэврээ авахаар дугаарлаж зогссон 24 хүн алагджээ
Мягмар гарагт дорнод Украины нэг тосгон Оросын бөмбөгдөлтөд өртөх үеэр тэтгэврээ авахаар дугаарлан зогсож байсан 24 хүн алагдаж, хорь гаруй хүн шархадсан байна.
Донецк мужийн Ярова тосгон энэхүү бөмбөгдөлтөд өртсөнийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.
Уг тосгон фронтын шугамаас 10 хүрэхгүй километр зайд оршдог юм байна.
Энэ нь Украины энгийн иргэд Оросын халдлагын улмаас амиа алдсан сүүлийн тохиолдол болжээ. Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны турш Украины 12,000 гаруй энгийн иргэн алагдсаныг НҮБ баталж байгаа.
АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дайныг зогсоох хүчин чармайлтаа эрчимжүүлсэн сүүлийн хэдэн сарын хугацаанд Орос улс Украиныг чиглэсэн агаарын цохилтоо мөн улам эрчимжүүлээд байна.
Өнгөрсөн Ням гарагт Оросын тал энэ дайны хамгийн том агаарын довтолгоог явуулахдаа Киев хотыг олон зуун нисгэгчгүй онгоц, пуужингаар бөмбөгдсөн юм.
“Дэлхий нийт үүнийг чимээгүй өнгөрөөх ёсгүй. АНУ хариу арга хэмжээгээ авах хэрэгтэй, Европ хариу арга хэмжээгээ авах хэрэгтэй, Их 20 арга хэмжээгээ авах хэрэгтэй. Оросын аллагыг зогсоохын тулд хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай” гэж Зеленский өчигдрийн халдлагын дараа мэдэгджээ.
Даваа гарагийн орой АНУ-ын сангийн яаманд АНУ болон Европын албаныхан уулзаж, Оросын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Уг уулзалт Мягмар гарагт үргэлжлэхээр болсныг албаны эх сурвалж баталжээ.
Өчигдөр Оросын хэрэглэсэн залуурт бөмбөг нь Зөвлөлтийн үед зохион бүтээсэн зэвсгийн шинэчилсэн загвар юм байна.
Ийм бөмбөгийн зарим нь одоо 1,360 кг жинтэй буюу 2022 онд дайн эхэлж байсан үеийнхтэй харьцуулахад зургаа дахин том болсныг мэргэжилтнүүд мэдээлжээ.
Украины тосгодод ATM машин байдаггүй, өндөр настнууд дижитал банк хэрэглэж мэддэггүй тул сар бүр бэлэн мөнгөөр тэтгэврээ авахаар дугаарлан зогсдог.
Украины хэвлэл мэдээллээр цацагдсан зураг, дүрснүүдэд хөдөлгөөнт банкны үйлчилгээ үзүүлж байсан автомашины сэгийн эргэн тойронд хэвтэх цогцсуудыг харуулжээ.
Уг машиныг эрсдэлээс сэргийлэхийн тулд модны дор байрлуулсан ч хэн нэгэн координатын мэдээллийг дайсанд өгсөн байж болзошгүйг Украины албаныхан мэдээлсэн байна.
Донецкийн захирагч Вадим Филашкин “Энэ бол дайн биш. Энэ бол цэвэр терроризм” гэж сошиал хуудсандаа харамсан бичжээ.
Тус тосгон 2022 онд Оросын цэрэгт эзлэгдсэн ч тухайн оны сүүлээр Украины арми чөлөөлж байсан юм.
Бөмбөгдөлтөд алагдсан өндөр настнуудын цогцос танигдахын аргагүй болсон бөгөөд тэдний хэн байсныг тогтоохын тулд ойролцоох орон нутгийн моргт хүргэжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

