ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд АНУ-ын тэнгисийн явган цэргүүд Умард Солонгосын энгийн иргэдийн амийг хөнөөсөн тухай баримт ил болов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 8
iKon.MN

АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2019 оны эхээр Умард Солонгосын удирдлагыг тагнах нууц ажиллагааг хэрэгжүүлэхдээ санамсаргүй тохиолдлоор тулгарсан энгийн иргэдийн амийг хөнөөсөн талаар баримтыг Баасан гарагт Нью Йорк Таймс сонин нийтэлсэн юм.

АНУ, Умард Солонгосын хооронд дипломат шугамаар яриа хэлэлцээ явагдаж байх үетэй давхацсан энэ нууц ажиллагааг ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар хэрэгжүүлж байжээ.

2011 онд Аль-Кайдагийн удирдагч Осама Бин Ладеныг хөнөөх ажиллагааг гүйцэтгэж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний SEAL Team 6 элит анги энэ нууц даалгаврыг гүйцэтгэсэн гэнэ.

Тэд Умард Солонгосын дээд удирдлагын яриаг чагнах төхөөрөмж суулгахаар тус улсын эрэгт буухдаа хясаа түүж байсан энгийн иргэдтэй санамсаргүй тулгарчээ.

Энэ үеэр тусгай хүчний цэргүүд гал нээж, загасчны жижиг завин дээр явсан бүх хүмүүсийн амийг хөнөөсөн байна.

Үүний дараа Умард Солонгосын эрх баригчдаас нуухын тулд алагдсан иргэдийн цогцсыг усанд живүүлснийг энэ ажиллагааны талаар мэддэг албаны эх сурвалж Нью Йорк Таймс сонинд ярьжээ.

Бүр баталгаатай живүүлэхийн тулд цэргүүд тэдний уушгийг хутгаар цоолж байсныг эх сурвалж ярьсан байна.

Нью Йорк Таймс сонин дээрх мэдээллийг Трампын эхний засаг захиргаанд ажиллаж байсан албаны хэд хэдэн эх сурвалжаар баталгаажуулснаа тайлбарлажээ.

Гэхдээ ерөнхийлөгч Дональд Трамп дээрх нийтлэлийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тухайн үед ийм ажиллагаа болсныг огт мэдээгүй гэж мэлзсэн байна.

“Би шалгаж болох юм. Гэхдээ энэ талаар би юу ч мэдэхгүй. Би анх удаа энэ тухай сонсож байна” гэж Трамп тодруулгад хариулжээ.

2019 онд болсон энэ ажиллагаа эхнээсээ ийнхүү бүтэлгүйтсэн тул зогсоож байсан гэнэ.

Умард Солонгосын эрх баригчид ийм нууц ажиллагаа хэрэгжсэнийг мэдсэн эсэх нь одоо болтол тодорхойгүй болоогүй юм байна.

Тухайн үед БНАСАУ энгийн иргэд амиа алдсан, эсвэл сураггүй болсон талаар олон нийтэд ямар нэг мэдэгдэл гаргаж байгаагүй гэнэ. Сая Нью Йорк Таймс сонинд гарсан нийтлэлийн талаар тус улс хараахан байр суурь илэрхийлээгүй байна.

 

Эх сурвалж: Aljazeera