Португалийн нийслэлийн бэлгэдэл болсон трамвай осолдсоны улмаас 15 хүний амь үрэгджээ
Өчигдөр буюу Лхагва гарагт Португал улсын нийслэл Лисбон хотын бэлгэдэл болсон цахилгаан трамвай замаасаа гарч онхолдсоны улмаас 15 хүний амь үрэгдэж, 18 хүн бэртсэн байна.
Бэртсэн хүмүүсийн тавынх нь биеийн байдал хүнд, тэдний дунд нэг хүүхэд байгааг Португалийн онцгой байдлын үндэсний хүрээлэн мэдээлжээ.
Тэдний дунд гадаадын иргэд бас байгаа юм байна.
Эрх баригчид үүнийг тус улсын орчин үеийн түүхэнд тохиосон хамгийн том осол гэж дүгнэжээ.
“Elevador da Gloria” гэж нэрлэгддэг шар, цагаан өнгө алагласан трамвай нь гадаадын жуулчдын үзэх ёстой зүйлсийн нэг бөгөөд Лисбон хотын уулархаг хэсгийн өгсөж, уруудсан гудамжаар хүмүүсийг тээвэрлэдэг.
Трамвай гудамжаар доош уруудахдаа жолоодлогоо алдаж, онхолдсоныг гэрчүүд мэдээлжээ.
Ингэхдээ явган хүний зам дээр унасан байна.
Трамвайн тээврийг хариуцдаг Carris компани осолдсон техник нь төлөвлөгөөт засвар үйлчилгээндээ орсон байсныг баталжээ.
Португалийн ерөнхийлөгч Марсело Ребело де Соза хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бол Лисбон хотын захирагч Карлос Моедас үүнийг “бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй эмгэнэлт явдал” гэж дүгнэсэн байна.
Португалийн засгийн газар өнөөдөр буюу Пүрэв гарагийг үндэсний гашуудлын өдрөөр зарлажээ.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен португал хэлээр “Алдарт Элевадор да Глориа замаасаа гарсан тухай мэдээг сонсоод гүнээ харамсаж байна” хэмээн сошиал хуудсандаа бичсэн байна.
Осол 18:00 цагийн үед буюу оройн оргил ачааллын үед гарчээ.
Аврагчид онхолдсон трамвай дотроос хүмүүсийг гаргахад хоёр цагийг зарцуулсан байна. Үүний дараа ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлжээ.
Нэг удаадаа 40 гаруй хүн тээвэрлэх багтаамжтай энэ тээврийн хэрэгслийг 1885 онд анх нээж байсан түүхтэй.
Өнгөрсөн онд Лисбон хот 8.5 сая жуулчин хүлээж авсан бөгөөд домогт трамвайгаар зорчиж үзэх хүсэлтэй жуулчдын урт дараалал тасардаггүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
