АНУ-ын засаг захиргаа Латин Америкийн хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор байлдааны хөлөг онгоцнуудаа Карибын тэнгисийн өмнөд хэсэгт, Венесуэл улсын эргээс холгүй байрлуулаад байгаа.
Тэгвэл эдгээр хөлгүүд өчигдөр буюу Мягмар гарагт анх удаагаа байлдааны ажиллагаа явуулсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ.
“Бид хэдхэн минутын өмнө маш их хар тамхи тээвэрлэсэн тэнгисийн хөлгийг устгалаа. Урт хугацааны турш маш их хар тамхи манай улсад цутгаж байгаа. Эдгээр нь нэг газраас ирдэг, Венесуэлээс ирдэг юм” гэж тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Пентагон удахгүй өгөх тухай дуулгасан байна.
Пентагоны төлөөлөгчөөс тодруулахад “хар тамхи тээвэрлэгч хөлөгт өндөр нарийвчлалтай цохилт” өгснийг баталсан ч ямар зэвсэг хэрэглэсэн, ямар төрлийн хар тамхи тээвэрлэгдэж байсан, хөлөг дээр хэн байсан талаар дэлгэрүүлэхээс татгалзжээ.
Венесуэлийн засгийн газар одоогоор энэ ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сошиал хуудсандаа Венесуэлээс хөдөлсөн хөлөг Карибын тэнгисийн өмнөд хэсэгт сүйрсэн тухай мэдээлжээ.
Тэрбээр үүнийг “үхлийн цохилт” гэж нэрлэсэн байна.
Карибын тэнгист АНУ-ын байлдааны долоон хөлөг онгоц, цөмийн хөдөлгүүртэй нэг шумбагч хөлөг, 4,500 орчим цэргийн хамт байрлаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Хэдийгээр Карибын тэнгист АНУ-ын эргийн хамгаалалтын болон тэнгисийн флотын хөлгүүд тогтмол үүрэг гүйцэтгэдэг ч энэ удаагийн төвлөрлийг ер бусын үзэгдэл гэж ажиглагчид үзэж байна.
Дээрх байлдааны хөлгүүдийн зарим нь нисдэг тэрэг гэх мэт байлдааны техникийг тээвэрлэдэг бол зарим нь Томагавк зэрэг далавчит пуужин харвах чадвартай юм.
Мөн тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор P-8 ажиглалт тандалтын нисэх онгоцнуудыг тус бүс нутагт илгээсэн тухай АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг улс оронд нь төрийн эргэлт зохион байгуулах зорилготой байж болзошгүй хэмээн болгоомжилж, хэрвээ ийм оролдлого илэрвэл хатуу хариу арга хэмжээ авахаа амлаж байв.
Каракасын эрх баригчид тэнгисийн эрэг дагуу болон хөрш Колумб улстай хил залгаа нутагт цэргийн хүчээ зузаатгаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!