Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улстай холбоотой гэсэн үндэслэлээр Интел компанийн боссыг огцруулахыг Трамп уриаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн аварга компани Интелийн гүйцэтгэх захирлыг огцруулахыг уриалсан мэдэгдэл гаргажээ.

Интелийн гүйцэтгэх захирал Лип Бу Тан нь Хятадын батлан хамгаалах салбарын компаниудад оролцоотой гэсэн дуулиан Трампыг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн байна.

Хувийн компанийн удирдлагыг огцрохыг АНУ-ын ерөнхийлөгч шаардах нь маш ховор сонин үзэгдэл юм.

Ноён Тан өнгөрсөн гуравдугаар сард салбарынхаа анхдагч боловч өрсөлдөгчдөөсөө хоцорч яваа Интел компанийн зах зээлд эзлэх байр суурийг өсгөх даалгавартай гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож байв.

Интел компани хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарыг хүчирхэгжүүлэх АНУ-ын засаг захиргааны бодлогын хүрээнд олон тэрбумын дэмжлэг авсан юм.

Малайз улсад төрж, Сингапурт өссөн, АНУ-ын иргэн Тан бол хагас дамжуулагчийн салбарын туршлагатай бизнесмэнд тооцогддог хүн.

Трамп өчигдөр сошиал хуудсандаа “Интелийн гүйцэтгэх захирал ашиг сонирхлын маш их асуудалтай хүн тул нэн даруй огцрох ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэх өөр арга зам байхгүй” гэж бичсэний дараа Интел компанийн хувьцааны ханш гурав илүү хувиар унасан байна.

Саяхан Бүгд Найрамдах намын сенатор Том Коттон ноён Таны өмнөх үйл ажиллагаануудтай холбоотой захидлыг Интел компанийн удирдах зөвлөлд бичсэн юм.

Тухайлбал түүний олон жил удирдаж байсан Cadence Design Systems компанийн Хятад дахь салбар Хятадын Батлан Хамгаалах Технологийн Үндэсний Их сургуультай хэд хэдэн удаа хамтран ажиллаж байсныг захидалд дурджээ. Энэ үйлдлийнхээ төлөө Cadence Design Systems компани АНУ-ын экспортын хяналтын хуулийг зөрчсөн үндэслэлээр $140 саяын торгууль төлж байсан юм.

Интел компанийн удирдах зөвлөл хариу мэдэгдэлдээ гүйцэтгэх захирлаа өмөөрч, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд үнэнч хүн болохыг нь баталж байв.

Гэхдээ ажиглагчид Интел компанийн явуулж буй зарим үйл ажиллагаа таалагдахгүй байгаа тул тэдэнд дарамт шахалт үзүүлэхийн тулд Трамп ийм асуудал сөхсөн гэж үзэж байна.

Ерөнхийлөгч Трамп бизнесийн байгууллагын удирдагчдыг олны өмнө элдвээр хэлдгээрээ алдартай ч огцрохыг шаардсан нь онцгой ховор тохиолдол юм.

Трампын мэдэгдэл хэрээс хэтэрсэн гэх шүүмжийн хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Трамп манай улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тууштай зүтгэж байгаа. Америкийн тэргүүлэх салбарын томоохон компаниудыг Америкчуудын итгэж болох хүн удирдаж байгаа эсэхэд санаа тавих нь үүний нэг хэсэг юм” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC