Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад энэ сарын 23-26-нд төрийн айлчлал хийж байгаа билээ.
Монгол, Тажикистан хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Тажикистан улсын Ерөнхийлөгч Э.Рахмон нь 2009 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн байдаг.
Харин энэ удаа манай улсын Ерөнхийлөгч анх удаа Бүгд Найрамдах Тажикистан Улсад ийнхүү албан ёсоор айлчилж байгаа юм.
Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг олон чухал ач холбогдол бүхий агуулга багтжээ.
Айлчлалын ач холбогдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас дараах мэдээллийг тодрууллаа.
Айлчлалын үеэр талууд 11 баримт бичигт гарын үсэг зурсан нь онцлох үйл явдал байлаа. Өөрөөр хэлбэл хоёр талаас хамтарч ажиллах боломжтой салбаруудаа харилцан тодорхойлсон гэсэн үг.
Тухайлбал
Айлчлалын хүрээнд байгуулсан эдгээр эрх зүйн баримт бичгийн цаана юу ажиглагдаж байгаа вэ?
Хоёр талаас харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой салбаруудаа хамтран тодорхойлсон.
Өмнө нь тодорхой бус байсан, хүсэл эрмэлзэл нь ч хоёр талаасаа удаашралтай явсан ажлууд энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд тодорхой боллоо.
Айлчлалаар хоёр орны харилцааг өндөр дээд түвшинд хүргэж, бусад салбарын хамтын ажиллагааны гол сууриудыг тавилаа. Цаашдаа идэвхтэй бөгөөд үр өгөөжтэй хамтарч ажиллах боломж нь энэ айлчлалаар бүрдэж байна гэсэн үг.
Тажикистан улсад хийж байгаа төрийн айлчлалаар Монгол төрийн Төв Ази руу чиглэсэн гадаад бодлого бүрэн бүтэн болж байна.
Цаашид манай салбар яам, төрийн байгууллагууд, хувийн хэвшил, баялаг бүтээгчид маань төрийн айлчлалаар байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд харилцан ашигтай, ард иргэддээ үр өгөөжтэй, эрхэмсэг дотно найрсаг харилцааг цогцлоох ёстой. Ийм боломж бүрдэж байна гэсэн үг.
Тажикистан улс нь Төв Азийн бүс нутагтаа
Усан цахилгаан станцыг дээд хэмжээнд хөгжүүлсэн улс.
Сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч болон усан цахилгаан станцыг хэрхэн ажиллуулах зэргээр бүтээн байгуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, үүнийг эргээд байгальд ээлтэй байдлаар хэрхэн ашиглах талаар маш их туршлага хуримтлуулсан хөгжиж байгаа орон.
Найрсаг харилцаатай, үүх түүхээрээ ч уялдаа холбоотой Тажикистан улсын туршлагаас суралцах, хуваалцах, эрх зүйн орчноо цогцлоох боломжтой харилцаа, хамтын ажиллагааны салбар үүсэж байна.
Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогын хүрээнд тээвэр ложистикийн асуудал онцгой чухал ач холбогдолтой. Учир нь Төв Азийн таван орон тавуулаа манайхтай адил далайд гарцгүй.
Эдгээр улс орны өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээл бүгд ижил төстэй.
Бид олон улсын авто тээврийн хэлэлцээрт нэгдэх ёстой юм байна. Далайд гарцгүй орнууд хоорондоо дуу хоолойгоо нэгтгэж, өмнөө тулгарч байгаа тарифын болон тарифын бус саад тотгорыг дэд бүтцийн түвшинд ч авч хэлэлцэх ёстой юм байна.
Энэ үүднээс манай улс Төв Азийн таван орондоо санал болгож байгаа.
Узбекистан улсын нийслэл Ташкент хотоос Бишкекээр дамжиж, Өрөмчи-Улаанбаатар маршрутаар худалдаа, тээвэр ложистикийн коридорыг хөгжүүлэх ажлыг бүх улс оронтойгоо нэгэн зэрэг ярьж байгаа. Үүнийг бүгд нэг дор ойлгож байна.
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд хамтарч ажиллан томоохон хөршүүдтэйгээ нэгдэж, ашигтай коридорынхоо талаар ярих нь зүйтэй юм байна.
Түүнээс гадна дотооддоо ч тээвэр ложистикийн коридоруудаа бий болгоход дэд бүтцийн бүтээн байгуулалт болон эрх зүйн орчноо уялдуулах нь хамгийн чухал.
Энэ сарын 20-23-нд Киргизстан улсад хийсэн айлчлал нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон учраас өндөр ач холбогдолтой байсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!