Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурсан юм.
Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
Засгийн газрын зүгээс эрчим хүчний салбарт усны эх үүсвэрийн төслүүдийг түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа. Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтой юм.
Хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.
Тухайлбал ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдлээ.
Аялал жуулчлалын салбарт байгалийн болон соёлын өвийг ирээдүйн баялаг гэж үзэж, тэдгээрийг хамгаалахын зэрэгцээ үр ашигтай, агуулга өндөртэй, таниулан сурталчлах, хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.
Талууд аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон технологид суурилсан ухаалаг аялал жуулчлалын санаачилгыг харилцан дэмжих, салбарын мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн байгууллагын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор болов.
Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилалт зохион байгуулна.
Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ. Мэдлэг мэдээлэл солилцох, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр, хурал семинар зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдаа солилцон, шинэ төрлийн хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлнэ.
Байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, түүний дотор жимс, жимсгэнийн аж ахуй, хүнсний технологийн чиглэлээр илүү хамтран ажиллана.
Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тулгамдсан асуудлуудыг хамтран судлах, харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|