“Харри Поттер” киноны од Эмма Уатсон хурд хэтрүүлсэн үндэслэлээр автомашины жолоо барих эрхээ зургаан сараар хасуулжээ.
35 настай Британийн жүжигчин бүсгүй өнгөрсөн оны долдугаар сарын 31-ний өдөр өөрийн цэнхэр өнгийн Ауди автомашинаар Английн Оксфордод 50 км/цаг хурдны хязгаартай зам дээр 60 км/цаг хурдтай зорчоод баригдсан юм байна.
Өчигдөр орон нутгийн шүүх түүнд 1,044 фунт стерлингийн ($1,400) торгууль оноож, жолооны эрхийг нь зургаан сараар хасах шийдвэр гаргажээ.
Шүүх өчигдөр “Харри Поттер” киноны жүжигчдийн нэг Зое Ванамэйкерын хурд хэтрүүлсэн өөр нэг хэргийг тусад нь хэлэлцсэн байна.
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Английн Беркшир эдлэнд 64 км/цаг хурдны хязгаартай зам дээр 74 км/цаг хурдтай зорчсон нь илэрч байжээ.
Ванамэйкер энэ зөрчлийнхөө төлөө Уатсонтой ижил шийтгэл хүлээсэн байна.
Шүүх хурлаас өмнө хоёр жүжигчин эмэгтэй замын хөдөлгөөний тус бүр есөн зөрчлийн оноотой байжээ.
Сүүлийн зөрчил тэдний оноог гурваар нэмэгдүүлсэн тул Их Британийн хуулиар жолооны эрхээ зургаан сараар хасуулах шийтгэл хүлээсэн байна.
Нэгэн цаг “Харри Поттер” киноны уран бүтээлд зам нийлж байсан хоёр жүжигчин ижил хугацаанд гаргасан ижил зөрчлөөр ижил шийтгэл хүлээсэн нь ховор сонин тохиолдол болжээ.
“Харри Поттер”-ын бүх найман кинонд Хермайн Грэнжерийн дүрийг бүтээж алдаршсан Эмма Уатсон сүүлд “Beauty and the Beast”, “Little Women” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж байв.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
|