Лам нарыг секс бичлэгээр сүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө олсон эмэгтэйг Тайландын цагдаа баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Буддын шашны лам нартай бэлгийн харилцаанд орсныхоо дараа дүрс бичлэг, гэрэл зургаар сүрдүүлж, мөнгө нэхдэг байсан эмэгтэйг Тайландын цагдаа нар баривчилжээ.

“Хатагтай Гольф” гэж нэрлэгдсэн энэ эмэгтэй одоогоор есөн ламыг ийм аргаар сүрдүүлсэн нь тогтоогдоод байгааг цагдаагийн албаныхан хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Сүүлийн гурван жил орчим хугацаанд түүнийг ийм аргаар 385 сая бат ($11.9 сая) олсон гэж тооцоолжээ.

Эмэгтэйн гэрт нэгжлэг явуулахад лам нарыг сүрдүүлэхдээ ашигласан 80,000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг олдсон гэнэ.

зураг
 

Энэ дуулиан сүүлийн жилүүдэд секс, хар тамхины асуудалд байнга хутгалдах болсон Тайландын Буддын шашны сүм хийдүүдийн нэр хүндийг улам унагаж байна.

Зургаадугаар сарын дундуур Бангкокийн нэг хийдийн хамба лам эмэгтэйн сүрдүүлгийн дараа сахил санваараасаа татгалзсан нь цагдаа нарын анхаарлыг татаж, мөрдлөгийг эхлүүлж байжээ.

Хамба лам 2024 оны тавдугаар сард “Хатагтай Гольф”-той дотно харилцаанд орж байсныг мөрдлөгийн явцад тогтоосон байна. Сүүлд эмэгтэй түүний хүүхдийг төрүүлснээ мэдэгдэж, долоон сая гаруй батын тэтгэлэг нэхэж байжээ.

Өөр олон лам ийм замаар эмэгтэйд мөнгө шилжүүлж байсныг цагдаа нар олж тогтоосон гэнэ.

Лам нараас авсан бараг бүх мөнгийг буцаан олж авсан ч зарим хэсгийг онлайн мөрийтэй тоглоомд зарцуулсан байжээ.

Одоо сэжигтэн эмэгтэйг бусдын эд хөрөнгийг залилсан, мөнгө угаасан, хулгайн эд зүйлс авсан зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр лам нарын ёс бус үйлдлийн талаар мэдээлэл авах утас ажиллуулж эхэлснээ цагдаагийн байгууллага зарлажээ.

Энэ дуулианы дараа Тайландын Буддын шашны удирдах байгууллага Сангха Дээд Зөвлөл сүм хийдүүдийн дэг журмыг хянан шалгах үүрэгтэй тусгай хороо байгуулж буйг зарласан байна.

Саяхан Тайландын хаан Важиралонгкорн зургаадугаар сард гаргасан 81 лам хуврагт дээд цол хэргэм олгох зарлигаа цуцалсан юм.

“Буддын шашинтнуудын оюун санааг бохирдуулсан үйл явдлууд”-ын улмаас зарлигаа цуцалсныг хааны ордноос тайлбарласан байна.

Тайландын хүн амын 90 гаруй хувь буддын шашинтай. Тус улсад эрэгтэйчүүд буян хураахын тулд түр хугацаагаар лам болох боломжтой байдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд лам нарыг тойрсон дуулиан тасрахгүй байгаа.

Тухайлбал хувийн нисэх онгоц хөлөглөдөг, баян тансаг амьдралаараа алдартай Вирапол Сукпол ламтан 2017 онд бэлгийн хүчирхийлэл, мөнгө угаалт, залилангийн хэргээр ял сонсож байлаа.

2022 онд тус улсын хойд бүсийн Фетчабун мужийн нэг хийдийн дөрвөн лам хар тамхины хэргээр баривчлагдсаны дараа хийд нь ганц ч ламгүй үлдэж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ХАХА
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг