Энэ оны аравдугаар сарын 12-нд болох Камеруны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсныг тус улсын 92 настай ерөнхийлөгч Пол Бия өчигдөр буюу Ням гарагт зарлажээ.
“Би 2025 оны аравдугаар сарын 12-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Та бүхэнд үйлчлэх миний шийдэмгий байдал бидний өмнө тулгараад байгаа сорилтуудтай нийцэж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүнд тооцогддог Бия 1982 онд өмнөх ерөнхийлөгч Ахмаду Ахиджог огцорсны дараа ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд тэр завсаргүй долоон удаа сонгогдоод байна.
Гэвч сүүлийн үед Биягийн эрүүл мэнд доройтож, үнэнч дэмжигчид нь түүнээс холдож эхлээд байгаа.
Ерөнхийлөгчийн эрүүл мэндтэй холбоотой олон таамаг яригддаг. Өнгөрсөн онд тэр тодорхойгүй шалтгаанаар 42 хоногийн турш олны өмнө ил гараагүй юм.
Хэдийгээр Бия ийм байдалтай байгаа ч Камеруны сөрөг хүчнийхэн дотроо хагаралдаж, сонгуульд нэгдэж өрсөлдөх тал дээр тохиролцож чадахгүй байгаа.
Сүүлийн хэд хоногийн хугацаанд Биягийн багийн хоёр ч өндөр албан тушаалтан эрх баригч намын эсрэг сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байна.
Тухайлбал зургаадугаар сард хөдөлмөр эрхлэлтийн сайд Исса Чирома Бакари өөрийн Камеруны Үндэсний Авралын Фронт намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр албан тушаалаасаа огцорсон юм.
30 жилийн турш Биягийн үнэнч холбоотон байсан ерөнхий сайд асан Белло Буба Майгари саяхан бас Ардчилал, Дэвшлийн төлөөх Үндэсний Холбооноос нэр дэвшихээ мэдэгдээд байна.
Чирома болон Майгари нарын намууд ерөнхийлөгч Биягийн Ардын Ардчилсан Хөдөлгөөн намыг олон жилийн турш дэмжиж, хамтран ажилласаар ирсэн юм.
Биягийн нам баруун Африкийн Камерун улсыг 1960 онд тусгаар тогтносноос нь хойш удирдаж байгаа.
Энэ оны сонгуульд Бияг хатуу шүүмжлэгч, 2018 оны сонгуульд авсан саналын тоогоор хоёрдугаарт жагсаж байсан Морис Камто болон Камеруны Үндэсний Эвлэрлийн Намын нэрт сөрөг хүчний улс төрч Кабрал Либий нар өрсөлдөх гэж байна.
Нэр дэвшигчид долдугаар сарын 21-нээс өмнө Камеруны сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ гаргах ёстой юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!