Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

З.Хүрэлбагана: Ой хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 12 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадмын амралттай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар болон бусад холбогдох албанаас хамтарсан хэвлэлийн хурал зарлаж, зарим сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэв.  

Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана дараах мэдээллийг танилцуулсан юм.  



Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 4-ний өдрийн байдлаар

  • Ой хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71 гомдол мэдээлэл
  • Зөрчлийн шинжтэй таван гомдол мэдээллийг бүртгэн шалгасан.
Үүнээс 55 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, таван гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Мөн 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаснаас найман гомдол мэдээллийн эзэн холбогдогчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Одоо дөрвөн гомдол мэдээллийн эзэн холбогдогчийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдож буй.

Зургаадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 4-ний өдрийн хооронд: 

  • Гэмт хэргийн шинжтэй гурав
  • Зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Дээр дурдсан дөрвөн гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад "хуурайшилт ихтэй газар аянга бууснаас ой хээрийн түймэр гарсан" нөхцөл байдал тогтоогдож байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа.

Түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд ажил арга хэмжээг цагдаагийн байгууллагаас тасралтгүй зохион байгуулж байна" гэв.