• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Монгол Улсын гадаад валютын албан нөөц $2.5 тэрбум бус $5.2 тэрбум байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад хариулахдаа гадаад валютын албан нөөцийн хэмжээг 2.5 тэрбум ам.доллар хэмээн хэлсэн. Гэтэл түүнийг гадаад валютын албан нөөцийн хэмжээг санамсаргүй алдаа гарган андуурч хэлсэн гэдэг тайлбарыг Монголбанкны зүгээс өгч байна. 

Монгол Улсын гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцсийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр валютын төлбөртэй импортын 6-7 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд хүрнэ гэдгийг төв банкнаас мэдэгдлээ. Валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.59 хувиар өссөн бол оны эхэн үетэй харьцуулахад 5.51 хувиар буурсан үзүүлэлт болох аж.

Эхний зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларт хүрсэн нь оны эхнээс гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлжээ. Цаашид түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор экспортын орлого буурсаар байх тохиолдолд төлбөрийн тэнцэлд ирэх сөрөг нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд алт тушаалтыг нэмэгдүүлэх нь тус дарамтыг бууруулах нэг хүчин зүйл болно гэж үзэж байгаа аж. Монголбанк одоогоор валютын нөөцийнхөө 15 орчим хувийг алтаар байршуулсан байна.   

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар зургаадугаар сард 480 сая ам.долларыг банкнуудад нэг болон ялгаатай ханшаар нийлүүлсэн бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдийн валютын төлбөртэй бараа, үйлчилгээний төлбөрийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангажээ.