Оросын зэвсэгт хүчний тэнгисийн флотын дэд командлагч Украины хилийн ойролцоо алагдсаныг эх сурвалжууд өчигдөр баталжээ.
Амь үрэгдсэн хошууч генерал Михаил Гудковыг энэ оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин одоогийн албан тушаалд нь томилсон юм.
Түүнийг Украинтай хил залгаа Курск мужийн нутагт “байлдааны ажиллагааны үеэр” алагдсан болохыг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Курск мужид Украины арми өнгөрсөн оны наймдугаар сард халдахдаа нэлээд хэмжээний газар нутагт хяналтаа тогтоож байсан юм.
Өнгөрсөн хавар Оросын тал Курскээс Украины цэргүүдийг бүрэн гаргаж чадсанаа зарлаж байв.
Гэхдээ Киевийн эрх баригчид энэ мужийн нутаг дэвсгэрт бага хэмжээний газарт хяналтаа хадгалсан хэвээр байгааг саяхан мэдэгдэж байв.
Гудков нь Украины дайн эхэлсэн үеэс хойш амиа алдсан Оросын армийн хэд хэдэн өндөр албан тушаалтны нэг болж байна.
Гудковтой цуг өөр арван хүн амиа алдсаныг ОХУ-ын Алс Дорнодын Приморский мужийн захирагч Олег Кожемяко мэдээлжээ.
Кожемяко генералыг “үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн үнэнч офицер” хэмээн Телеграм хуудсандаа магтан бичсэн юм.
Оросын албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Украины хилээс 30 км зайтай оршдог Коренево хотын ойролцоох Оросын армийн удирдлагын төв Украины пуужингийн цохилтод өртөхөд Гудков амь үрэгдсэн бололтой.
ОХУ-ын нутаг дэвсгэрт явуулсан ийм ажиллагааныхаа талаар албан ёсоор мэдээлэл өгдөггүй жишгийн дагуу Украины эрх баригчид ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Гудков өмнө нь Номхон далайн флотын 155 дугаар тэнгисийн явган цэргийн ангийг удирдаж байсан бөгөөд Украины дорнод фронт, сүүлд Курскийг чөлөөлөх тулаанд оролцож байжээ.
Тэрбээр 2023 оны сүүлээр ОХУ-ын баатар цолын алтан таван хошуу одонг хүртэж байв.
Номхон далайн флотын төв байрладаг ОХУ-ын Владивосток хотод өчигдөр Гудковын дурсгалыг хүндэтгэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!