Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Хулан: Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням ах нараасаа түрүүлж гавьяат болж байгаадаа их сандарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээ гардан авсан 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч О.Хулан сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Г.Занданшатар, соёлын сайд Ч.Ундрам нарт хөдөлмөрийг минь үнэлж байгаад маш их баярлалаа. Миний хувьд 2018 оноос хойш 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэж байна.

Энэ хугацаанд маш олон удаа хожигдсон. Ард түмэн маань биднийг их дэмждэг гэдгийг мэдэрдэг болохоор хэзээ нэг өдөр баярлуулна даа гэж их хүсдэг байлаа. Тиймээс маш шаргуу хөдөлмөрлөсөн. Үүнийхээ үр дүнг үзлээ.

Гэхдээ энэ хүрээд бидний амжилт зогсохгүй. Манай багийн бүрэлдэхүүний дундаж нас бол харьцангуй залуудаа орно. Н.Нандинхүсэл маань дөнгөж 18 настай бол М.Цэрэнлхам эгч 29, Б.Ариунцэцэг 23, би 25 настай. 

Тиймээс энэ их хайр хүндэтгэлийг хөдөлмөрөөрөө хариу барихыг хичээнэ. Бүх хайрыг мэдэрч байгаа шүү, ард түмэндээ баярлалаа. Монгол Улс мандан бадраг.

Энэ ташрамд нэг юмыг онцолж хэлэхэд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням ах нараасаа түрүүлж гавьяат болж байгаадаа их сандарлаа. Тиймээс ах нар маань удахгүй гавьяат болж, тэдэнтэйгээ хамт баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.