Даваа гарагт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн.
Уг хуралдаанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг оролцож салбар дахь төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Шүүхийн бие даасан байдлыг хангах гол баталгаа бол эдийн засгийн баталгаа. УИХ-ын 2024 оны Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хамтран хэрэгжүүлэхээр, шүүхийн шинэтгэлийг хийхээр төлөвлөсөн ажлууд маань 2025 оны төсвийн тодотголоор хэрэгжих боломжгүй болж байна.
2026 оны нэгдүгээр сарын нэгнээс Шүүх байгуулах тухай хууль хэрэгжих ёстой, үүнтэй холбоотой бүх зардлууд мөн хасагдсан. Цалин, хөлс, нэмэлт урамшуулал дээр манай дээр 7 тэрбум төгрөг хасагдахаар байна. Нөхөн бүрдүүлэлтийн хувьд шүүгч дээр ч тэр захиргааны ажилтан дээр ч тэр манайх дутуу явдаг.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг бид нийт есөн удаа явуулахад нийт нэр дэвшигчдийн 10% хүрэхгүй нэр дэвшигч тэнцдэг. Ингээд есөн удаагийн сонгон шалгаруулалт сул орон тоон дээр 36%-ийн нөхөн бүрдүүлэлттэй байна. Захиргааны ажилтны хувьд манайхаас нийт 216 ажилтан хасахаар орж ирсэн байна билээ. 216 ажилтан хаслаа гэхэд манайх 138 захиргааны ажилтныг цомхотгох нөхцөл байдал үүсэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Graph.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!