Иргэдийг нь баривчлах үеэр хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан Азербайжан улс ОХУ-ын шадар сайдын айлчлалыг цуцалжээ
Екатеринбург хотод иргэдийг нь хоморголон баривчилж, заримынх нь амийг хөнөөсөн үйлдэлтэй холбогдуулан Азербайжаны эрх баригчид ОХУ-ын засгийн газрын шадар сайд Алексей Оверчукийн тус улсад хийхээр төлөвлөсөн айлчлалыг цуцалжээ.
“Одоогийн нөхцөл байдалд Азербайжаны тал Оверчук болон Оросын бусад албаныхныг хүлээж авах боломжгүй” гэж Бакугийн албаны эх сурвалж ярьсныг хэвлэлүүд мэдээндээ эш татсан байна.
Тус улсын соёлын яам бас ОХУ-тай хамтарсан бүх урлаг соёлын арга хэмжээнүүдийг хэн зохион байгуулж байгаагаас нь үл хамааран цуцалж байгааг мэдэгджээ.
Ингэх болсон үндэслэлээ “Екатеринбург хотод оршин суудаг азербайжан хүмүүсийн эсрэг Оросын хуулийн байгууллага үндэс угсаагаар нь ялгаварласан аллага, хүчирхийлэл үйлдсэнтэй холбоотой” гэж тайлбарласан байна.
Мөн ийм үйл ажиллагааг “сүүлийн үед системтэй хэрэгжүүлэх болсон” гэж Оросын талыг буруутгажээ.
Үүнээс гадна дэд спикер Али Ахмедов тэргүүтэй Азербайжаны парламентын төлөөлөгчид ОХУ-д хийх айлчлалаа цуцалсан байна.
Тэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаан хорооны 23 дугаар уулзалтад оролцохоор Москваг зорих гэж байсан юм.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтнууд Екатеринбург хотод амьдардаг Азербайжаны иргэдийн гэрт 2001, 2010, 2011 онуудад гарсан хүн амины хэргийн мөрөөр тусгай ажиллагаа явуулсан байна.
Энэ үеэр 50 гаруй хүн баривчлагдаж, бизнесмэн Юнис Пашаевын аллагын гол сэжигтэн ах дүү Зияддин болон Гусейн Сафаров нар алагджээ.
Пашаев нь 2001 онд ах дүү Сафаров нарын эзэмшдэг “Каспий” кафед хутгалуулан амиа алдаж байсан юм.
Тэрбээр амьсгал хураахаасаа өмнө алуурчдын нэрийг хэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хуулийн хариуцлага тооцолгүй өнгөрснийг хохирогчийн ар гэрийнхэн мэдээлж байжээ.
Болсон явдалтай холбогдуулан Азербайжаны гадаад хэргийн яам тус улс дахь ОХУ-ын элчин сайд Пётр Волоковт эсэргүүцэл илэрхийлж, иргэдийнх нь амийг хөнөөсөн үйлдлийг хуулийн дагуу мөрдөн шалгахыг шаардсан байна.
ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэлдээ Азербайжаны иргэдийг “ноцтой гэмт хэргийн мөрөөр” шалгах ажлын хүрээнд баривчилсныг тайлбарлажээ.
Баривчлагдсан Азербайжаны иргэдийн дотор Екатеринбург хотод нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн бизнесмэн байсан юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
