Уншиж байна ...
Зураг
Зураг

Гэрэл зургаа авхуулах гэсэн үзэгч Уффици галерейн үнэт бүтээлийг гэмтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Флоренц хотын алдарт Уффици галерейд хадгалагддаг үнэт бүтээлийг урд нь зогсож зургаа авхуулах гэсэн нэг үзэгч гэмтээснийг галерейн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Гэмтсэн бүтээл нь 1695-1700 оны үед Антон Доменико Габбиани хэмээх зураачийн зурсан Тусканы хунтайж Фердинандо де Медичийн хөрөг юм байна.

Хяналтын камерт үлдсэн бичлэгээс үзвэл тухайн үзэгч хөргийн өмнө зургаа авхуулахаар зогсохдоо тэнцвэр алджээ.

Сүүлд хэвлэлүүдэд нийтлэгдсэн гэрэл зурагт хөргийн эзний шагай орчмын хэсэг бага хэмжээгээр урагдсан нь ил болсон байна.

Хөргийг засварлахаар үзэсгэлэнгийн танхимаас татжээ. Гэхдээ галерейн захиргаа гэмтлийн зэргийг “хөнгөн” гэж дүгнээд удахгүй буцааж байрлуулахаа амласан юм.

Уффици галерейн захирал Симон Верде “музейд зөвхөн сэлфи хийх гэж ирдэг үзэгчид олширч байгаад” харамсал илэрхийлсэн байна.

“Бид цаашдаа манай галерейд биеэ зөв авч явах, соёлын өвийг хүндэтгэх мэдрэмжтэй нийцэхгүй үйлдлээс сэргийлэхийн тулд маш нарийн хил хязгаар тогтоох болно” гэж тэр хэвлэлд ярьжээ.

Сүүлийн жилүүдэд сошиал сүлжээнд нийтлэх төгс гэрэл зураг авах зорилгоор музейн үзмэрийг гэмтээх явдал нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Верона хотын музейд Винсент Ван Гогийн алдартай бүтээлүүдийн нэгээс санаа авч урласан болор бүрхүүлтэй сандал дээр нэг жуулчин гэрэл зургаа авхуулах гэж суугаад ноцтой гэмтээсэн юм.

Дөрөвдүгээр сард Нидерландын музейд хадгалагддаг Марк Роткогийн олон арван саяын үнэтэй уран зургийг нэг хүүхэд ижил шалтгаанаар гэмтээж байв.

Эх сурвалж: CNN