УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулснаар гурван Үндэсний хороог татан буулгаж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаяр нар салбарын асуудалтай холбоотойгоор маргалдсан. Үүний дараа Н.Батсүмбэрэл гишүүн П.Наранбаяр сайдыг огцрох болзлоо хангасан сайд хэмээн шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Боловсролын сайд П.Наранбаяр та УИХ-ын гишүүний асуултад хариулах ёстой. Эмэгтэй гишүүн үг хэлэхээр хар яр гээд байх юм байхгүй. Ер нь Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлэхэд, П.Наранбаяр сайдын суудлаас огцрох болзлоо хангачихсан нөхөр шүү. Энэ нөхөр 2025 оны төсөв хэлэлцэх үеэр үгсэн хуйвалдах замаар төсөв хулгайлах гэж оролдоод буцаан татсан. Хууль давсан тушаал гаргасан. Хэсэг гишүүн шүүмжилсэн ч одоо сайд болоод нэг кабинетад сууж байна. Улс төржсөн томилгоо хийсэн. Үүнийг Төрийн албаны зөвлөл хууль бус гэдгийг нь тогтоогоод засахыг даалгасан ч одоо болтол засаагүй байна.
Элсэлтийн шалгалтын талаар сошиалд бичиж байна. Гэтэл захын наймаа шиг зургаан оноо нэмж өгнө гэсэн байна. Энэ бол захын наймаа биш боловсролын асуудал юм шүү. Боловсролын сайдаас асуух зүйл алга. Харин хамгийн эхний хариуцлага тооцох хүн чинь П.Наранбаяр шүү, Ерөнхий сайд аа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!