Владимир Путин: Украины бүх газар нутаг манайх
Баасан гарагт Санкт Петербург хотод үргэлжилсэн эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украины тусгаар тогтнолыг үгүйсгэсэн түрэмгий байр сууриа дахин илэрхийлжээ.
“Би оросууд, украинчуудыг нэг үндэстэн гэж боддог. Тиймээс Украины бүх газар нутаг манайх юм. Орос цэргийн хөл хүрсэн газар бүр манайх гэсэн хэлц үг байдаг” гэж тэр хэлсэн байна.
Путиний хэлсэн энэ үг Москва, Киевийн хооронд энхийн яриа хэлэлцээ эхлэх магадлал маш бага байгааг харуулсан хэрэг юм.
Оросын эрх баригчид урьдчилсан болзолгүйгээр гал зогсоох Өрнөдийн саналыг олон сарын турш няцааж, Украины эзлэгдсэн газар нутгийг өөртөө авах шаардлагыг хариу тулгаж байгаа.
Өчигдөр Путин хэлэхдээ Оросын цэрэг Украины Сумы мужийн нутагт 12 км гүн нэвтрээд байгааг мэдээлжээ.
Сумы нь Оросын өөртөө хүчээр нэгтгэсэн Украины дөрвөн мужийн нэг биш юм.
Путин хил залгаа энэ мужид буферийн бүс байгуулах зорилготой байгааг хэлсэн байна. Ингэхдээ мужийн төв Сумы хотыг эзлэх боломжийг үгүйсгээгүй юм.
“Бидэнд Сумыг авах зорилт байхгүй. Гэхдээ зарчмын хувьд боломжийг үгүйсгэхгүй. Тэд эндээс манай хил орчмын нутагт байнга аюул занал учруулж байгаа” гэж тэр хэлжээ.
Сумы бол Оросын хилээс 30 км зайд оршдог хот бөгөөд дайн эхэлсэн цагаас хойш Оросын агаарын цохилтод байнга өртөх болсон юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
